logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    У.Хүрэлсүх: Хөгжлийг хурдасгах гол арга хэрэгсэл нь шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 18 09:55
    276

    Зургийг: president.mn

    БНКУ-ын Хавана хотноо болсон Хөгжиж буй орнуудын 77-ийн бүлгийн “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд түвшний уулзалтад 100 гаруй улсын төлөөлөгч, Төр, Засгийн тэргүүн, дэд тэргүүн оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болсон Хөгжиж буй орнуудын 77-ийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцлоо. Монгол Улс хөгжиж буй орнуудтай хамтран нийтлэг асуудлаар эрх ашгаа хамгаалах, үндэсний хувь нэмрээ оруулах зорилгоор 77-ийн бүлгийн үйл ажиллагаанд 1989 оноос хойш оролцож байгаа юм.

    Энэ удаагийн уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулав.

    Тэрбээр “Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусаж буй цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахын тулд НҮБ дахь хамгийн том бүлэг болох 77-ийн бүлэг эв санаагаа улам нэгтгэн, хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлэх нь нэн чухал байгаа”-г онцлоод “Монгол Улс ойрын 10 жилийг шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он жилүүд  байхаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хуваалцах, инновацыг дэмжих, бүс нутгийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зэргээр шинжлэх ухаан, технологийн салбарт бүлгийн гишүүн улсуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаа”-гаа илэрхийллээ.

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж,  “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Тэрбээр олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэх юм. 

    Хөгжиж буй орнуудын 77-ийн бүлгийн гишүүн улсуудын Төр, Засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтыг даргалж буй БНКУ-ын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудез “77-ийн бүлэг нь НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёр, дэлхийн нийт хүн амын 80 хувийг төлөөлж байна. Энэ удаагийн уулзалт хүн төрөлхтөн хэдэн арван жилийн өмнө төсөөлж байгаагүй шинжлэх ухаан, технологийн ололтод хүрсэн цаг үед болж буй”-г онцолсон байна.

    Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Хөгжиж буй орнуудын 77-ийн бүлгийн эрх ашгийг бүх түвшинд хамгаалсан олон улсын тогтолцоог бий болгохын төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Бүгдийн төлөөх тогтолцоог хөгжүүлэхэд Хөгжиж буй орнуудын 77-ийн бүлгийн дуу хоолой маш чухал бөгөөд НҮБ-ын тавцанд үргэлж чухал байр суурь эзлэх болно” гэж мэдэгдлээ.  

    Анх хөгжиж буй 77 орон байгуулсан бүлэгт одоо 134 орон нэгдэж, НҮБ дахь Засгийн газар хоорондын хамгийн том бүлэг болоод байна. Энэхүү бүлэг нь  эдийн засгийн хамтын сонирхлоо харилцан дэмжих, НҮБ-ын системийн хүрээнд болж буй эдийн засаг, хөгжлийн гол асуудлаарх хэлэлцүүлэгт нэгдмэл байр сууринаас хандах,  хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой аж.

    Cэтгэгдэл бичих