
Зургийг: Mikael Sjoberg/Bloomberg
Гангийн агуулахын нөөц болон боомтод хүлээгдэж буй төмрийн хүдрийн хэмжээ нэмэгдэх болсон нь БНХАУ-ын эрэлт харьцангуй удаан сэргэж байгаагийн дохио болсноор даваа гарагт төмрийн хүдрийн үнэ унасан байна.
БНХАУ-ын хойд боомтуудаар импортолсон 62 хувийн төмрийн агууламж бүхий хүдрийн жишиг үнэ 2.82 хувиар унаж, тонн нь 122.13 ам.доллар болсон нь сарын хамгийн доод үзүүлэлт боллоо. Мөн Далианийн Таваарын биржид тавдугаар сард нийлүүлэгдэх гэрээтэй төмрийн хүдрийн үнэ 2.2 хувиар унаж, тонн нь 123.23 ам.долларын үнэтэйгээр арилжааг хаажээ.
“Үйлдвэрлэлийн металлын зах зээлд БНХАУ-ын эдийн засгийн байдлын бодит дүр зургийг харъя гэвэл хоёр болон гуравдугаар сарын эдийн засгийн үзүүлэлт гартал хүлээх хэрэгтэй” хэмээн “Navigate Commodities”-ийн шинжээч Атилла Уиднелл онцолсон байна.
Хэдийгээр нэгдүгээр сард БНХАУ-ын банкны зээл олголт хүлээлтээс давж, 4.9 их наяд юань буюу 717.21 тэрбум хүрсний зэрэгцээ тус улсын 16 хотод шинэ орон сууцны борлуулалт хоёр дахь долоо хоногтоо дараалан өссөн үзүүлэлт гарсан ч арилжаалагчдын болгоомжлол төдийлөн арилахгүй байна.
БНХАУ-ын арилжаалагчдын эзэмшдэг гангийн агуулахын нөөц 12 дугаар сарын эцсээс хойш тогтвортой өсөж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 1.5 сая тонноор өссөнийг “Mysteel”-ийн тайланд дурджээ. Харин боомтод хүлээгдэж буй төмрийн хүдрийн нөөц өнгөрсөн долоо хоногт 138.5 сая тонн хүрсэн нь есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.