
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
2022 оны ихэнх хугацаанд бүх үзүүлэлтүүдийг доод түвшинд нь аваачсан эрчим хүчний болон хөдөлмөрийн өндөр зардлын нөлөө сулрах төлөвтэй байгаагаас алт олборлогч компаниудын IV улирлын ашгийн маржины үзүүлэлт өсөлттэй гарахаар байна.
Алт олборлолтын салбарт нийт зардлыг илтгэдэг гол үзүүлэлт болох нэгж хүдрийн олборлох шууд тогтмол зардал (AISC) “Barrick Gold” болон “Newmont” компаниудын хувьд сүүлийн дөрвөн улиралд 30 гаруй хувиар өссөн ч одоо буурах төсөөлөлтэй байгаа аж.
“Алт олборлолтын зардал бага зэрэг буурсан тул IV улиралд маржины үзүүлэлт сайжрах ёстой. Ерөнхийдөө гарц нэмэгдэж, зардал ялимгүй буурч, алтны үнэ тогтворжино гэсэн үг” хэмээн “Canaccord Genuity”-ийн шинжээч Кэри Макрери өгүүлжээ.
Эдийн засгийн тодорхойгүй байдал, инфляцын үед хамгийн эрсдэлгүй хөрөнгө гэж тодорхойлогддог алтны үнэ 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдан довтолсны дараа 2000 ам.долларын босгыг давсан ч АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ хурдацтай өсгөсний нөлөөгөөр дараагийн найман сард нь 21 хувиар унаад байсан юм.
Энэ хугацаанд “Barrick Gold”-ийн үйлдвэрлэлийн гарц зогсолтгүй буурч, багадаа сүүлийн гурван жил дараалан уналтаа хадгалжээ. Хэдий тийм боловч тус компани “Newmont”-той хамтран байгуулсан “Nevada Gold Mines”-ийн үйл ажиллагаа эхэлснээр 2023 онд үзүүлэлтүүд сайжирна гэсэн хүлээлттэй байна.