
2023 оны дунд үед ам.долларын ханш суларснаар дэлхийн эдийн засгийн орчин таваарын зах зээлд илүү ээлтэй байх болно гэж “Goldman Sachs”-ийн шинжээч тооцоолсон байна.
АНУ-ын Холбооны Нөөцийн банк инфляцыг хазаарлахын тулд бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлсэн нь ам.долларын ханш чангарахад нөлөөлж, улмаар газрын тос, металл тэргүүтэй түүхий эдийн үнэ энэ онд огцом унаад байгаа юм.
Ирэх оны II улиралд АНУ-ын Төв банк мөнгөний хатуу бодлогоо зогсоосноор ам.долларын ханшнаас түүхий эдийн үнэд очих дарамтыг сулруулах төлөвтэй болохыг “Goldman Sachs” банкны Металлын стратегич Николас Сноудон онцолжээ. “2023 оны дунд үеэс эдийн засгийн орчин түүхий эдийн үнэ, ялангуяа зэсийн үнэд эергээр нөлөөлнө” хэмээн тэрбээр өгүүлэв.
Хэдийгээр энэ онд зэсийн нийлүүлэлт 200 мянган тонны алдагдалтай байсан ч ам.долларын ханш чангарсны нөлөөгөөр зэсийн үнэ доогуур түвшинд хадгалагдсан юм. Тэр дундаа ам.доллароор нэрлэгдсэн түүхий эд бусад валют эзэмшигчдэд илүү үнэтэй тусаж байжээ.
“Энэ онд зэсийн үнийн уналтын гуравны хоёр нь ам.долларын өндөр ханшнаас үүдэлтэй гэж үзэж байна” хэмээн Николас Сноудон нэмж дурдсан байна.
“Goldman Sachs”-ийн үзэж байгаагаар АНУ-ын эдийн засгийн өсөлт хэдий удааширсан ч уналт нүүрлэх магадлал бага аж. Мөн БНХАУ цар тахлын хязгаарлалтаа сулруулж, эдийн засгаа нээснээр эрсдэлтэй хөрөнгийг чиглэсэн хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, зэсийн хэрэглээ дагаад өснө гэж үзсэн байна.