
Лхагва гарагт “iPhone” гар утасны дэлхийн хамгийн том үйлдвэрийн шинэ ажилчид хөл хорионд бухимдан үймээн дэгдээж, хамгаалалтын ажилтнуудын хооронд мөргөлдөөн гарсан байна. Үйлдвэрт гарсан эмх замбараагүй байдлыг намжааж, үймээн тарьсан ажилтнуудыг тайвшруулахын тулд “Foxconn” компани үйлдвэрийг орхихыг хүссэн ажилчдадаа 10 мянган юань буюу 1400 ам.доллар санал болгоод байна.
Эзгүйрч байгаа ажлын байранд дахин ажилчин нөхөн авахад багагүй хугацаа шаардагдана гэж тус компани мэдэгдээд байна.
Энэхүү эсэргүүцлийн арга хэмжээ нь Ши Жиньпиний COVID-19-ийг Үл тэвчих бодлого нийгэм, эдийн засагт хэрхэн дарамт болж байгааг тодотгож өгч байгаа аж. COVID-19-ийн дэгдэлтийг намжаахын тулд сар гаруйн хугацаанд хатуу хяналттай нөхцөлд ажилласан ажилчид болон хамгаалалтын ажилтнуудын хооронд лхагва гарагийн үдээс өмнө нөхцөл байдал хурцдаж, хүч хэрэглэхэд хүрсэн байна.
Үймээн самуун дэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл бол ажилчид “Foxconn” компанийн амласан өндөр цалин урамшууллыг зөвхөн ирэх жилийн гуравдугаар сар хүртэл үйлдвэр дээр суурин ажилласан тохиолдолд авна гэдгээ мэдсэн явдал юм. Харин 10 мянган юанийн ажлаас гарсны тэтгэмж нь тэдгээр сэтгэл дундуур ажилчдын нөхөн олговор гэнэ. Мөн компанийн компьютерт гарсан алдаа “даарин дээр давс” нэмжээ. “Foxconn” компани программын алдааны улмаас зарим ажилчид амласнаасаа бага цалин авахаар болж харагдсанд пүрэв гарагт уучлалт гуйсан байна. Тус компани цаашид гэрээний үүргээ биелүүлнэ гэж мэдэгджээ.
“Foxconn” компанийн бүх шатны ажилчид ажилдаа сэтгэл дундуур байгаа нь цаашид үйлдвэрийн үйл ажиллагаа доголдох эрсдэл дагуулж байна. Тус үйлдвэр нь дэлхий дахинаа борлуулдаг “Apple”-ийн олон төрлийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч юм.
“Apple” компани жилийн хамгийн чухал, баяр ёслолын IV улиралд харьцангуй цөөн тооны бүтээгдэхүүн нийлүүлнэ гэж мэдэгдээд байна. Тухайлбал: “iPhone”-ийн зарим загварын нийлүүлэлт Зул сарын баярын дараа хүртэл хүлээгдэх төлөвтэй болжээ.
Дутуу бодогдсон цалин болон “коронавирус”-ийн халдварын дэгдэлтийн айдсаас үүдсэн эсэргүүцэл нэг өдрийн дотор эрчээ авснаар үймээний үеэр хэд хэдэн ажилчид гэмтэж, нийгмийн хэв журмыг зохицуулах албаныхан газар дээр хүрэлцэн ирж, нөхцөл байдлыг намжаасан байна.
Үйлдвэрийн үйл ажиллагаа лхагва гарагийн оройноос хэвийн явагдаж эхэлсэн гэж “Foxconn” компани мэдэгдэлдээ дурджээ.
Энэхүү үйлдвэрийн түр зогсолт нь өнөөгийн БНХАУ дахь тааварлах боломжгүй дотоод бодлого болон тодорхойгүй гадаад худалдааны харилцааны үед “Apple” компани тус улс дахь томоохон хэмжээний үйлдвэрээс хэт хамааралтай байх нь ямар аюултай болохыг илтгэсэн дохио болсон байна.
Сүүлийн үед Бээжин илүү нарийвчлалтай COVID-19-ийн хяналт хийж, үйлдвэрлэлийн доголдлыг бууруулах чиглэлийг албаныханд өгөөд байгаа ч томоохон хотуудын цар тахлын дэгдэлтийн эсрэг орон нутгийн засаг захиргаа хатуу дэглэм тогтоохоос өөр аргагүйд хүрээд байгаа юм.
Жөнжоу хотод үймээн дэгдээд удаагүй байхад орон нутгийн засаг захиргаанаас 11 дүгээр сарын 29-нийг дуустал шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж байгаагаа мэдэгджээ. Энэхүү хөл хорио нь ойрын хугацаанд үйлдвэрт шинээр ажилчин авахад бэрхшээлтэй болгоод байна.