
11 дүгээр сарын нэгний өдрийн байдлаар үр тарианы хураалт 93.4 хувь, улаанбуудайн хураалт 92.8 хувьтай үргэлжилж байгааг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Энэ онд улсын хэмжээнд 378.1 мянган га-д үр тариа тариалснаас одоогоор 325.5 мянган га-гаас 388.3 мянган тонн үр тариа, үүнээс 305.4 мянган га-гаас 366.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна.
Харин төмсний хураалт 96.9 хувь, хүнсний ногооны хураалт 103.6 хувийн явцтай байгаа буюу 19.2 мянган га-гаас 208.8 мянган тонн төмс, 11.5 мянган га-гаас 130.9 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байгаа аж. Улсын хэмжээнд 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо тариалжээ.
Малын тэжээлийн хувьд 49.8 мянган га-гаас 129.7 мянган тонныг хураан аваад байгаа бол 94.9 мянган га-гаас 39.0 мянган тонн тосны ургамал хураан авчээ. Малын тэжээл хураалт 73.3 хувь, тосны ургамлын хураалт 82.2 хувьтай явагдаж байгааг салбарын яам мэдээллээ.
Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байгаа юм.