
550 тэрбум ам.доллар эргэлддэг дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн гол тоглогчид улирлын тайлангаа танилцууллаа.
Тайванийн “Taiwan Semiconductor Manufacturing Co.” буюу "TSMC" компанийн III улирлын орлого шинжээчдийн төсөөллөөс давж, 48 хувийн өсөлт үзүүлснээр 19.4 тэрбум ам.доллар хүрснийг “Bloomberg” тооцоолсон байна. “Apple”-ийн гол чип ханган нийлүүлэгч болох тус компанийн орлого өссөнөөр хагас дамжуулагчийн зах зээлд хөрөнгө оруулагчдын болгоомжилж буй ноцтой уналт бий болох магадлал багасаж байгаа юм.
Хэдийгээр бодлогын хүү, инфляцын өсөлт эрчимжиж буй ч зарим төрлийн цахилгаан хэрэгслийн эрэлт тогтвортой байсан, мөн “Apple” компани бүтээгдэхүүнийхээ хүчин чадлыг нэмэх шинэ төрлийн чип танилцуулсан нь өсөлтөд нөлөөлжээ. Энэ он гарсаар 29 хувиар унаад буй “TSMC”-ийн хувьцааны ханш баасан гарагт Тайбэйн Хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед 2.9 хувиар унасан үзүүлэлттэй байв.
“Morgan Stanley”-ийн төсөөллөөр 2023 оны хоёрдугаар хагаст чипийн зах зээлд өсөлт эргэн ирэхээр байгаа аж. Цаашлаад 2028 онд 712 тэрбум ам.доллар хүрч тэлнэ гэж шинжээчид үзэж байна.
Бусад чип үйлдвэрлэгчдийн хувьд дата төвүүд, технологийн компаниудын захиалга багассанаар бараа материалын нөөц хуримтлагдаж, тэр хэрээр зах зээлд хүндрэл учирч буйг сүүлийн үед онцолж байв. “Micron” болон “Kioxia” компаниуд нийлүүлэлтээ тэнцвэржүүлж, үнийн уналтаас сэргийлэхийн тулд гарцаа бууруулах арга хэмжээ авахаар болжээ.
Баасан гарагт “Samsung” компанийн орлого 2019 оноос хойш анх удаа бууралттай гарсан байна. Шинжээчид тус компанийн үйл ажиллагааны ашиг 8.4 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолж байсан ч есдүгээр сараар эцэслэгдсэн гурван сарын хугацаанд 32 хувиар буурч, 7.7 тэрбум ам.доллар хүрснийг тайландаа дурджээ.
Харин АНУ-ын процессор болон чип үйлдвэрлэгч “Advanced Micro Devices” буюу "AMD"-ийн III улирлын борлуулалт урьдчилсан тооцоогоор 5.6 тэрбум ам.доллар болсон нь компанийн өөрийн төсөөллөөс нэг тэрбум ам.доллароор бага үзүүлэлт аж. Компьютерын зах зээлд эрэлт буурч, нийлүүлэлтийн сүлжээнд илүүдэл бий болсон нь үүнд нөлөөлсөн хэмээн тус компани мэдээлсэн байна.