
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурал орлого багатай орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах сан байгуулах тухай тохиролцоонд хүрснээр өндөрлөлөө.
Энэхүү тохиролцоогоор хөгжиж буй орнуудад агаарын хэмийн дулаарлын улмаас учирсан хохиролд чинээлэг орнууд хариуцлага хүлээх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрснөөрөө дэлхийн уур амьсгалын бодлогод түүхэн үйл явдал болж байна.
Хэдий тийм боловч ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллээс үүдэлтэй дэлхий дахины эрчим хүчний хямралтай зэрэгцэн явагдсан энэхүү хурлаар дэлхий нийт шатах түлшний хэрэглээг халахын тулд ямар арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй хэвээр байгааг ил болгосон юм. Үүнээс гадна Шотландын Глазгоуд болсон өмнөх оны хурлаас гарсан зорилттой харьцуулахад энэ удаагийн хурлаар төдийлөн ахиц дэвшилтэй шийдвэр гараагүйг мэргэжилтнүүд онцолж байна.
Өнгөрсөн оны хурлаар дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дундаж температураас Цельсийн 1.5 хэмээс илүү өсгөхгүй байх амлалтыг Засгийн газрууд өгөөд байсан билээ.
“Алдагдал, хохирлын тохиролцоонд хүрсэн нь сайшаалтай боловч энэ удаагийн хурлаар шинэ, томоохон алхмуудын оронд Глазгогийн хурал дээр яригдсан асуудлуудыг хуулсан шийдвэр гарсан нь сэтгэл гонсойлгом байлаа. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том шалтгаан болох шатах түлшний хэрэглээг бууруулах тал дээр зоригтой дуугарах орон байгаагүй нь хачирхалтай” хэмээн “World Resources Institute”-ийн Гүйцэтгэх захирал Ани Дасгупта өгүүлжээ.
“COP27” хурлын сүүлийн өдөр Европын Холбооны төлөөлөгчид хүлэмжийн хийг бууруулах талаар амлалт шинэчлэгдэхгүй бол чуулганыг хаяж явахаар сүрдүүлж байсан юм. Гэвч эцэст нь шатах түлшний хэрэглээг бууруулах нийтлэг амлалт гараагүйн зэрэгцээ 2025 он гэхэд нүүрсхүчлийн ялгарлыг бууруулах тодорхой зорилт тавигдаагүй өндөрлөжээ. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок “Газрын тосоор баян орнууд, гол бохирдуулагч орнууд шийдвэрт саад болж байна” хэмээн шүүмжилсэн байна.