
Албан тушаалаа аваад нэг сар орчмын хугацааг өнгөрүүлж буй Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс “Opinium” судалгааны агентлагийн тогтоодог рейтингээр тус улсын үе үеийн Засгийн газрын тэргүүнүүдээс хамгийн бага оноо авчээ.
2007 оноос хойш Ерөнхий сайдын рейтингийг тогтоож эхэлсэн “Opinium”-ийн санал асуулгаар Лиз Трассын рейтинг 10 хувиар буурч, -47 хувь болсон байна. Энэ нь Борис Жонсоны “Partygate” дуулианы үе, мөн Тереза Мэйн огцрохын өмнө үеэс ч сул үзүүлэлт юм.
Санал асуулгад оролцсон иргэдийн тэн хагас нь Лиз Трассыг огцрох ёстой гэж үзсэн бол 2019 оны сонгуулиар Консерватив намд саналаа өгсөн иргэдийн 38 хувь нь үүнтэй ижил үзэл бодолтой байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Бирмингем хотод болсон Консерватив намын хурлын дараа Лиз Трасс болон түүний Засгийн газрын нэр хүнд сонгогчдын дунд улам буурсныг дээрх оноо харуулж байгаа юм. Мөн өмнөх сард төсөвт тусгагдаагүй татварын хөнгөлөлт үзүүлсний улмаас фунт стерлингийн ханшийг эрс сулруулж, тус улсын бондын зах зээлийг уналтад хөтөлсөн Сангийн сайд Кваси Квартенгийн рейтинг Ерөнхий сайдаас ч муу буюу -51 байгаа ажээ.