
Зургийг: С.Батсайхан
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэлээ.
2023 оны II-IV сард “Тавантолгой түлш” ХХК болон Төр, хувийн хэвшлийн лабораториудад хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилт, галлагаа болон асаагчийн лабораторийн болон практик туршилт, үйлдвэрлэсэн түлш болон асаагчийг лабораторийн шинжилгээ хийж холбогдох үнэлэлт, дүгнэлт хийсэн байна. Шинжилгээгээр хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9 хувь, хүхэр 57.7 хувь, үнслэг 37.2 хувиар бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6 хувь, хүхэрлэг хийн хэмжээ 85.5 хувь, угаарын хийн хэмжээ 10.8 хувь, азотын исэл 23.5 хувиар буурсан үр дүнтэй гарчээ.
Хагас кокс буюу боловсруулсан бүтээгдэхүүн ашигласнаар тоосонцор нь 124мкг/м3-ээс 67.5мкг/м3 буюу 45.5 хувиар буурна. Энэ нь “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” стандартын дагуу тоосонцор болон хүхэрлэг хийн хэмжээ “51-100 хэвийн” түвшинд хүрэхээр байгаа аж.