
АНУ-ын эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд 1920-иод оны огцом өсөлтийн үетэй ижил талууд ажиглагдаж байгаа бөгөөд хэрэв Холбооны Нөөцийн банк дефляцын эрсдэлийг үл харгалзан мөнгөний бодлогоо чангаруулсаар байвал 1930-аад оны “Их хямрал” дахин давтагдаж болзошгүйг “Ark Investment Management” хөрөнгө оруулалтын фирмийн Гүйцэтгэх захирал Кэти Вуд анхаарууллаа.
Дэлхийн I дайн болон “Испани томуу” цар тахалтай холбоотой нийлүүлэлтийн сүлжээний доголдол 1920 онд АНУ-ын инфляцын түвшнийг 20-иос дээш хувьд хүргэсэн ч дараа жилд нь огцом буурч байсан түүхийг тэрбээр бямба гарагт “Twitter” хуудастаа онцолжээ. Холбооны Нөөцийн банк тухайн үед бодлогын хүүгээ бууруулснаар “Roaring Twenties” хэмээх эдийн засгийн хурдацтай өсөлтийн эрин эхэлж байсан юм. Харин 10-аад жилийн дараа хөрөнгийн зах зээлд спекуляторуудын эрсдэлтэй арилжаа нэмэгдсэнтэй зэрэгцэн Төв банк бодлогын хүүгээ өсгөснөөр зах зээлийн уналт бий болж, улмаар “Их хямрал” нүүрлэсэн аж.
Тиймээс "Инфляцын дарамт буурах шинж тэмдэг эдийн засагт ажиглагдаж буй энэ үед Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогоо чангаруулах мөчлөгөө дуусгавар болгох хэрэгтэй"-г Кэти Вуд онцолж байна. Мөн тэрбээр “Өргөн хүрээнд авч үзвэл 2023 онд инфляц хасах утга руу ороход гайхахааргүй болчхоод байна. Төв банк бодлогын хүүгийн өсөлтөө зогсоохгүй бол 1929 онтой ижил нөхцөл байдал үүснэ” гэж дурдлаа.