
Евро бүсэд өсөн нэмэгдэж буй эрэлтийн суурь инфляцад үзүүлэх нөлөөлөл улам өсөж буйг Европын Төв банк мэдээллээ. Энэ нь бодлогын хүүг өсгөх шалтгаануудын нэг болж буй юм.
Еврог гүйлгээнд ашигладаг орнуудад үнийн өсөлт дээд цэгтээ хүрсэн нь эрчим хүчний хомсдол, нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос ихээхэн шалтгаалсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам эрэлтийн шинжтэй инфляцын дарамт аажмаар нэмэгдсээр буйг Европын Төв банкны шинэ судалгаа харуулжээ.
“Эрчим хүч, хүнсний үнийг тооцдоггүй суурь инфляцын өсөлтөд эрэлт, нийлүүлэлтийн нөлөө сүүлийн саруудад тэнцүү хэмжээнд ажиглагдсан. Мөнгөний бодлогын арга хэмжээг голчлон эрэлтийн сувгаар дамжуулж гүйцэтгэдэг тул суурь инфляцын өсөлт нь эрэлт, нийлүүлэлтийн алинтай нь илүү хамааралтай болохыг үнэлэх нь чухал” хэмээн шинжээч Эдвардо Гонсалвез, Геррит Коэсте нар өгүүлжээ.
2022 он гарсаар бодлогын хүүгээ хоёр удаа нэмэгдүүлээд буй Европын Төв банк энэ сарын уулзалтаараа дахин 75 суурь нэгжээр нэмэгдүүлэх хүлээлттэй байна.