
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
Олон Улсын Валютын Сангаас улс орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй одоогийн арга хэмжээнүүдээс гарч болох үр дүнгийн талаарх тайлангаа хоёр хувилбартай танилцууллаа.
Эхний хувилбарт Засгийн газрууд хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ эрчимтэй авах боловч өр төлбөр нь тэр хэмжээгээр өснө гэж дүгнэсэн байна. Тодруулбал: уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зардал нэмэгдсэнээр өр болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 2050 он гэхэд 45 хувь хүрч өснө гэж тооцоолжээ.
Ингэхдээ хувилбар тус бүрийг "Их-7-ийн" бүлгийн орнуудын дундаж, нөгөө нь Бразил, БНХАУ зэрэг хөгжиж буй орнуудын дундаж гэсэн хоёр янзаар гаргасан байна. Хоёр дахь хувилбарт Төрөөс явуулах бодлого чинээлэг орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг одоогийн түвшнээс ердөө 40 хувиар доогуур түвшинд бууруулна гэсэн бол хөгжиж буй оронд ердөө 10 хувиар бууруулахаар байгаа аж.
Цаашид олон улсын хэмжээнд хүлэмжийн хий ялгаруулсан хэмжээгээр төлбөр авахаар байгаа нь зардал өсөхөд нөлөөлнө гэж тус байгууллага онцоллоо.
Одоогоор энэхүү төлбөрийн бодлого хөгжингүй болон хөгжиж буй 49 улсад хэрэгжиж байгаа аж. Мөн 23 улс дээрх бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хүлэмжийн хийн хамгийн өндөр төлбөртэй нь Лихтенштейн улс бөгөөд нэг тонн нүүрсхүчлийн давхар исэл 130 ам.доллароор тооцогддог аж. Харин Аргентинд тус төлбөр хамгийн бага буюу тонн тутам нь таван ам.доллар байгаа юм.