
Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “VinFast” компани АНУ-д хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгохоор бүртгүүлжээ. Вьетнамын хамгийн чинээлэг тэрбумтан Фам Нат Вуонгийн үүсгэн байгуулсан “Vingroup”-ийн бүрэлдэхүүнд багтдаг тус компани IPO хийхдээ “JPMorgan”, “Citigroup”, “Credit Suisse”, “Morgan Stanley” зэрэг банкнуудын зөвлөгөөг авч байгаагаа АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд гаргасан хүсэлтдээ дурдсан байна.
Тус компанийн хувьцаа “Nasdaq Global Select Market” самбарт “VFS” тэмдэглэгээгээр арилжаалагдахаар болсон байна. Харин татан төвлөрүүлэх дүн, арилжаа эхлүүлэх огноо зэрэг бусад мэдээллийг хараахан ил болгоогүй байна.
“Vinfast”-ийн IPO гаргах төлөвлөгөө сүүлийн хоёр жилийн турш яригдаж байсан юм. 2021 онд тус компани АНУ дахь IPO-оор хоёр тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр зорьж буйг “Bloomberg News” мэдээлж байв. Харин сүүлийн мэдээллээр “Vinfast” ирэх нэгдүгээр сар гэхэд нэг тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх боломжтойг онцолжээ.
Өнгөрсөн сард тус компани АНУ руу хийх анхны нийлүүлэлт болох 999 цахилгаан автомашинаа Вьетнамын боомтоос гаргасан аж. Энэ сарын эцсээр Калифорни мужийн хэрэглэгчдэд автомашинаа анхлан борлуулахаар бэлтгэж байна.
2018 онд “Vinhomes” компани дотоодын зах зээлдээ 1.4 тэрбум ам.долларын анхдагч арилжаа хийж байснаас хойших Вьетнам компанийн хамгийн том IPO болох боломжтой гэж шинжээчид тооцоолж байгаа юм.
Оны эхний есөн сард “VinFast” 365.3 сая ам.долларын борлуулалт хийснээ тайландаа дурджээ.