
Нүүрсний нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, импортын үнийг тогтворжуулах хүчин чармайлтын хүрээнд БНХАУ-ын ган үйлдвэрлэлийн компаниуд Австрали улсаас дахин нүүрс импортолж эхэлсэн байна.
Энэ хүрээнд БНХАУ-ын зарим компаниуд, арилжаалагчид боломжийн үнээр тохиролцоонд хүрч, гэрээ байгуулсан бөгөөд Австралиас импортлох нүүрсний эхний хэсэг хоёрдугаар сарын эцсээр БНХАУ-ын зүүн өмнөд боомтод ирэхээр байгааг нэрээ нууцалсан эх сурвалж “Global Times”-д мэдээлжээ.
Мөн БНХАУ-ын Төрийн өмчит нүүрсний нэгэн компаниас “Global Times”-д ярилцлага өгөхдөө Индонез, Монгол зэрэг улсын нийлүүлэлт одоогийн зах зээлийн эрэлтийг хангаж буй ч Австралийн нүүрсний импорт нь өөр нэг боломжит хувилбар бөгөөд цаашдаа үнийг тогтворжуулахад хувь нэмэр болох боломжтойг онцолсон байна.
БНХАУ өмнө нь Австралийн нүүрсний гол импортлогч улс байсан ч “коронавирус”-ийн уг гарлыг тогтоох шалгалттай холбоотой асуудлаар хоёр орны хооронд маргаан үүсэж, улмаар 2020 оны эцсээр Бээжин тус улсын нүүрсний импортод албан бусаар хориг тавьсан юм. Үр дүнд нь 2021 онд БНХАУ-ын Австралиас импортолсон нүүрсний хэмжээ 2020 оныхоос 66.37 сая тонноор бага буюу 85 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Харин сүүлийн үед хоёр улсын харилцаа зөөлөрч байгаатай холбоотойгоор Бээжингээс Австралийн нүүрс болон бусад түүхий эдийн импортод тавьсан хоригоо сулруулахаар төлөвлөснийг мэдээлж байна.
2022 оны эхний 11 сард БНХАУ-ын нүүрсний импортын ихэнх хувийг Индонез улс бүрдүүлсэн бол ОХУ, Монгол Улс удаалжээ. Тухайлбал: нийт импортын 58.3 хувийг Индонез улс, 23.3 хувийг ОХУ, 10 хувийг Монгол Улс эзэлсэн байна.