logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Тэйлор Мелвин: “Typhoon” технологийг ашиглаж, газар доорх бүтцийг илүү нарийвчлалтайгаар, хурдан хугацаанд судлах боломжтой
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 10 10:30
    368
    Дэлхийн уул уурхай, хайгуулын салбарын тэргүүлэх чуулган “PDAC 2023”-ийн үеэр “BNN Bloomberg”-ийн сурвалжлах баг “Ivanhoe Electric” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Тэйлор Мелвинтэй ярилцлаа.

    - “Ivanhoe Electric” бол уул уурхайн салбарын домогт энтрепренер Роберт Фридландын байгуулсан бас нэгэн компани. Бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа. 

    - Баярлалаа, “Ivanhoe Electric” компани байгуулагдсанаасаа хойш оролцож буй анхны PDAC чуулган болохоор энд их таатай, бидний хувьд сэтгэл өндөр байна. Ярих зүйл олон байгаа болохоор тантай ярилцахад таатай байна. 

    - Би нэг сураг сонслоо. Хоёулаа энэ газрын зургийг харцгаая. Танайх Аризона мужийн Санта Крузд зэсийн уурхай барихаар төлөвлөсөн юм байна. Гэхдээ энэ нутагт бидний байнга харж дассан ил уурхай биш байх нь ээ?

    - Тийм ээ, Санта Круз нь Финикс хотоос өмнө зүгт 45 минут явах зайд, Каса Гранд хотын яг дэргэд байрлалтай төсөл. Өндөр агуулгатай, их хэмжээний нөөц бүхий орд бий. Бид хоёрдугаар сард нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоосон. Хэдийгээр захын агуулга нь 0.39 хувиас 0.7 хувь болсон ч металлын агуулгын хэмжээ нь нэмэгдсэн байгаа. Одоогоор баталгаат нөөц дэх зэсийн агуулга 2.8 сая тонн, таамагласан нөөц дэх зэсийн агуулга 1.8 сая тонн болсон. Нийлүүлээд харвал энэ нь АНУ-ын хэмжээнд олборлолт хийгдээгүй зэсийн хамгийн их нөөцтэй ордуудын нэгт тооцогдоно. Гол нь энэ бүгд хувийн эзэмшлийн газар байршилтай. 

    - Уучлаарай. Аризона мужийн хувьд зөвшөөрөл авах явц багагүй төвөгтэй байдгийг бид мэднэ. “Rosemont”-ийн уурхай, “Resolution Mining" мэтээр зөвшөөрлийн явц маш сунжирсан жишээнүүд бий шүү дээ.

    - Дахин хэлэхэд манай төсөл хувийн газарт байршилтай гэдэг нь их чухал. Мөн таны хэлснээр бид зэсийн гүний уурхайн олборлолт явуулахаар төлөвлөж байна. Бид хоёрдугаар сард нөөцийн хэмжээгээ шинэчлэн тогтоосон, харин дараагийн том ажил бол ордын анхны үнэлгээ. III улирлын эцсээр үүнийг хийнэ гэсэн хүлээлттэй байна. Канадад бол “PEA” буюу Эдийн засгийн урьдчилсан үнэлгээ гэсэн үг. Тиймээс III улирлын эцэс гэхэд уурхайн үйл ажиллагааны зардал, хөрөнгийн зардал, загвар зэрэг олон мэдээлэл ил тод болно. Төслийн хувьд газрын гадарга дээр үлдээх нөлөөлөл багатай, нарны эрчим хүчний эх үүсвэр бүхий гүний уурхай болно. Бидний гол зорилт бол нүүрсхүчлийн ялгарал бага, байгаль орчны хариуцлага өндөр, ногоон уурхайг Финикс хотын ойролцоо бүтээн байгуулах явдал юм.

    - Танайх Америк тивд гол анхаарлаа хандуулна гэж байгаа нь  их сонирхолтой байна. Эдгээр орнууд  металлын нийлүүлэлтийг найдвартай болгоход санаа зовниж байгаа учраас гэж ойлгож болох уу?

    - Тийм ээ. Таны өмнө хэлсэнчлэн Роберт Фридланд энэ компанийг байгуулсан. Тэгэхдээ хоёр гол хүчин зүйл дээр суурилж байгуулж байсан. Эхнийх нь шинийг эрэлхийлсэн технологи. Хоёр дахь нь  өндөр түвшний хайгуул, хөгжүүлэлтийн шат бүхий багц төслүүд. АНУ дахь бидний төслүүд гэсэн үг. Гэхдээ технологийн талд би онцолмоор байна. Учир нь энэ бол манай компанийн замналын чухал хэсэг. 

    “Ivanhoe Electric” нь “Typhoon” нэртэй технологийн ашиглалтын эрхийг эзэмшдэг. Энэ нь онцгой өмчийн, өндөр хүчин чадал, нарийвчлал бүхий геофизикийн хэмжилтийн технологи юм. Үүний ачаар бид илүү том газар нутгийг 1.5 км гүнд нь хүртэл хянах боломжтой болсон. “Typhoon”-ийг манай тооцоололд суурилсан геологийн судалгааны технологи болон программ хангамжтай хослуулснаар газар доорх бүтцийг 1.5 км-ийн гүнд илүү нарийвчлалтайгаар, мөн уламжлалт хэмжилтийн технологиудтай харьцуулахад илүү хурдан хугацаанд судлах болно. 

    Тиймээс “Typhoon” технологи нь манайх Саудын Арабын уул уурхайн “Ma'aden” компанитай хамтарсан компани байгуулах томоохон хэлцлийн гол хөдөлгөгч хүч нь болсон.

    - Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу. Төсөл Саудын Арабд байршилтай юу?

    - Нэгдүгээр сард манай компани энэхүү маш чухал хэлцлийг хийснээ зарласан. “Ma'aden”-ийн зүгээс “Ivanhoe Electric”-д 126 сая ам.долларын хөрөнгө оруулснаар манай хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг болох юм.  Хэлцлээр 9.9 хувьд ноогдох хувьцааг эзэмшинэ. Мөн энэ хэлцлийн хүрээнд хамтарсан компанийн санхүүжилт болгож 50/50-ийн зарчмаар бид 65 сая ам.долларыг Саудын Арабд оруулахаар байна. Өөрсдийн “Typhoon” технологийг ашиглан бид тус улсад ихээхэн нөөцтэй гэж таамагласан 48 мянга 500 км² талбайтай газар нутагт хайгуул хийнэ. Тус газар нутгийн эрдэс баялгийн боломж асар их. Тиймээс бид “Ma'aden” компанийн эрдэсжилтийн хайгуулын ажилд хамтарч, туслах боломжтой болсондоо сэтгэл өндөр байна. 

    - Зэсийн хайгуул уу, эсвэл алтных уу? 

    - Зэс, алт, никель гээд бүгд л дээ. “Typhoon” технологи бол Саудын Араб шиг онцлог шинжтэй газрын гадаргыг нэвт харахад тусгайлан зориулагдаж, загварчлагдсан. Иймд бид зэс, алт, никель гээд олдож болох бүхнийг л хайна.

    - Танайх хувьцаагаа нээлттэй арилжаалдаг ганц охин компани нь. Өнгөрсөн зун 12.75 ам.доллар байсан…

    - 11.75 ам.доллар байсан.

    - Өө тийм, 11.75 байсан, уучлаарай. Дараа нь огцом унаад одоо бол 16 ам.доллар болсон байна. Энэ талаар?

    - Миний хувьд хувьцааны ханшийн төлөвийн талаар тийм ч их яримааргүй байна л даа. Гэхдээ бидний замнал, эзэмшдэг хөрөнгийн талд сэтгэл хангалуун байна.  Бид маш сайн баг бүрдүүлсэн. Роберт “Ivanhoe Electric” компанид дэлхийд үнэлэгдэх хайгуулын геологичдын баг бүрдүүлж чадсан. Үүний ачаар энэхүү төслийн баг, цаашлаад бидний амжилт бий болсон. 

    Юу гэхээр хувьцаа өсөх газраа өсөж л таарна. Гэхдээ бидний хувьд энэ талд маш сайн байсан. Бид АНУ-д ирээдүйтэй хөрөнгө эзэмшиж байна. Мөн АНУ-д бас дэлхийд хэрэгцээтэй металлуудын хайгуул хийж, цахилгаанжуулалт, цэвэр эрчим хүчний шилжилтэд дэм үзүүлж байна. Тиймээс бидний хувьд яг зөв газраа, зөв цагтаа байна гэж хэлнэ.

    - Та “Freeport McMoran”-д олон жил ажилласан. Харин үүнээс өмнө та хөрөнгө оруулалтын банкны салбарт буюу “JP Morgan”-д байсан. Фридландын төсөл дээр хамтран ажиллахаар боллоо гэж хэлэхэд танд амаргүй байсан уу?

    - Роберт болон түүний багийнхантай хамтран ажиллахад сэтгэл маш өндөр байгаа. “JPMorgan”, “Freeport” гэсэн гайхалтай хоёр компанид ажилласан нь миний хувьд аз завшаантай хэрэг. Би 20 гаруй жилийн турш зэсийн салбарын хүрээлэл дунд ажилласан болохоор сурсан мэдсэнээ Роберт Фридландын асар их мэдлэг, туршлагатай нийцүүлэхэд таатай байсан. Роберт бол салбартаа тэргүүлэх алдартай энтрепренер, технологийн инноватор, компани үүсгэн байгуулагчдын нэг шүү дээ. Тиймээс хамтран ажиллахад гайхалтай байна.

    Cэтгэгдэл бичих