
Ираны улс төрийн зүтгэлтэн асан Фаезе Хашеми “Бослого гаргагчдыг өдөөн турхирсан” гэх шалтгаанаар мягмар гарагт Тегеран хотод цагдаа нарт баривчлагдсан байна. Есдүгээр сарын 16-наас хойш Ираны 40 гаруй хотод үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал цуглаанд тус улсын алдартай хүмүүс, өндөр албан тушаалтнууд татагдан орж эхэлснийг энэ үйл явдал харууллаа.
Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Хашеми Рафсанжийн охин гэдгээрээ илүү танигдсан, урьд нь Ираны Парламентад сонгогдож байсан Фаезе Хашемигийн хувьд яг ямар үйлдлээрээ үймээн самуунд турхирсан болохыг “Тасним” агентлаг энэ талаар мэдээлэхдээ тодорхой дурдаагүй байна.
Тэрбээр Засгийн газрын бодлого, шашны асуудлаар өмнө нь эрх баригчидтай хэд хэдэн удаа сөргөлцөлдөж байжээ. Тодруулбал: Фаезе Хашеми 2009 онд болсон нэгэн жагсаалын үеэр баривчлагдсан удаатай бол энэ онд түүнийг Зөнч Мухаммедийг доромжилсон, Төрийн эсрэг үйлдэл гаргасан хэмээн буруутган шалгаж эхэлсэн аж. 2017 онд нас барсан түүний эцэг Ираныг Исламын Бүгд Найрамдах улс болоход гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бөгөөд Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдож байжээ.
22 настай Махса Амини гэгч эмэгтэй шашны дэг журам сахиулагч цагдаад саатуулагдаад сэжигтэйгээр нас барсны дараа Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал Иран даяар эхэлж, өдгөө хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Жагсаал цуглааны үеэр 41 хүн нас барсныг эрх баригчид бямба гарагт албан ёсоор мэдээлсэн бол Осло хотод төвтэй “Iran Human Rights” байгууллагаас 76 тэмцэгч амиа алдаад байгааг мэдээлжээ.
Лхагва гарагт Ираны хууль сахиулах хүчнийхэн “Хуйвалдагчидтай үргэлжлүүлэн тэмцэж, улсын өнцөг булан бүрд нийгмийн хэв журмыг алдагдуулагчдын эсрэг шийдэмгий арга хэмжээ авах” болохоо амлажээ.