logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Майк Бак: "Petro Matad" бүх ажлыг дангаараа хийж чадахгүй. Бусад компаниудыг мөн хайгуул хийгээсэй гэж хүсэж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 11 17:31
    1733
    "Петроматад" ХХК-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал Майк Бактай Монгол Улс дахь тус компанийн газрын тосны хайгуулын төслүүдийн ахиц, учирч буй саад хүндрэлийн талаар ярилцлаа.

    - “Цэн тогоруу” орд болон “Матад XX” талбайн хөгжүүлэлтийн хувьд "Петроматад” ХХК ямар ахиц гаргаад байна вэ? Ялангуяа COVID-19 цар тахалтай холбоотой асуудлууд болон газар ашиглалттай холбоотой хүндрэлүүдийн тухайд?

    - Бид 2019 оны хоёрдугаар хагаст ордоо илрүүлсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрлөө авах нь ч маш урт удаан, сунжирсан үйл явц болсон. Өмнө нь ийм хоёр л тохиолдол байсны сүүлийнх нь 2012 онд байсан санагдаж байна. Тэгэхээр 10-аад жилийн өмнө гэсэн үг. Тусгай зөвшөөрлийг олгох журмыг практикт байнга хэрэглэх хэрэгцээ шаардлага гарч байгаагүй учраас хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлголт хангалттай биш байсан. Тийм ч учраас цаг хугацаа их шаардсан. Эцэст нь 2021 оны дундуур УУХҮЯ-аас тусгай зөвшөөрлөө авсан. Дэлхий дахинд тохиож байсан цар тахлын дундуур авсан гэсэн үг. Дараа нь дэлхийн ихэнх улс орнууд цар тахлаас гарч, хэвийн амьдралд шилжиж эхэлсэн.

    Харин 2022 онд цар тахлын талаар БНХАУ-ын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс шалтгаалаад дотоодод нь бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн сүлжээнд тасалдал үүссэн. Маш олон туслан гүйцэтгэгч компани, ялангуяа БНХАУ-аас үйлчилгээ их авдаг газрын тосны салбарын хувьд Монгол Улсад ч тасалдал үүсэхэд хүрсэн. Хэдийгээр бид 2022 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхийг зорьж байсан ч цар тахлын нөлөө үргэлжилснээс гадна Монгол Улсын Газрын тухай хуульд шийдвэрлэх шаардлагатай хуулийн хийдэл байснаас газар ашиглалтын хувьд хүндрэл үүссэн. Эцэст нь энэ оны 7 дугаар сард Засгийн газраас “Матад XX” талбайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тогтоол гарсан.

    - Үүнээс цааш хэрхэн урагшлах хүлээлттэй байгаа вэ?

    - 2017 онд батлагдсан "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам"-ын зохицуулалтаар одоо дахиад хэдэн алхам бий. Эдгээр нь Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Одоогоор орон нутгийн удирдлага, Засгийн газар энэ асуудлаар ажиллаж байгаа. Улсын тусгай хэрэгцээнд авсан талбайд өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж байгаа иргэдэд нөхөн олговор олгох эсвэл өөр газраар солих хэрэгтэй болсон. Энэ талаар ч Засгийн газартай хэлэлцэж, энэ ажлыг түргэвчлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

    Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайг улсын тусгай хэрэгцээнд авснаар нөлөөлөлд өртөж байгаа бүх айл өрх, иргэдтэй манай компани болон холбогдох эрх бүхий байгууллагаас уулзсан. Бүгд бидэнтэй санал нэгдэж байгаа. Бүгдээрээ нөхөн олговор авах юм уу газраа солихыг зөвшөөрсөн. Засгийн газраас шаардлагатай зохицуулалтын бүх арга хэмжээг авснаар бид ашиглалтын үйл ажиллагаагаа эхлэх боломжтой болно. Манай одоогийн гол зорилго бол “Цэн тогоруу-1” цооногийг гүйцээх. Цооногийн өрөмдлөгийг дуусгасны дараа бид "drill stem test" буюу нэвчүүлэлтийн хэмжилт, туршилтын ажлыг хийгээд байна. Одоо үйлдвэрлэлд шилжихэд цооногийн далд тоног төхөөрөмжийг суурилуулах, дээр нь насос байрлуулах, газрын тос хадгалах нөөцлүүр сав барих зэрэг ажлуудыг хийнэ. Түүнчлэн, газрын тосыг борлуулах оператор компанитайгаа гэрээ байгуулна. Одоогоор манай гол анхаарал эдгээр ажлуудад төвлөрч байна.

    - Дорнод аймгийн иргэдийн санаа зовоосон асуудлуудад "Петроматад" ХХК хэрхэн хандаж байна вэ?

    - Бид гол асуудлуудыг тодорхойлж, шийдэл гаргах талаар сүүлийн жилүүдэд маш идэвхтэй хэлэлцсэн. Бидний хувьд сум, орон нутагт идэвхтэй ажиллаж ирсэн. Энэ ажлаа цаашид ч өргөжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн, талбайн хөгжүүлэлтийг үргэлжлүүлэх боломж бүрдсэнтэй холбоотойгоор бид аймгийн төвд төлөөлөгчийн газраа байгуулж, орон нутгийн удирдлагууд, иргэдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Ингэснээр бид орон нутгийн холбогдох эрх бүхий байгууллагуудтай харилцахад хялбар болохоос гадна орон нутгийн иргэдийн хувьд ч гэсэн бидэнтэй харилцахдаа заавал "Facebook"-ээр, эсвэл Улаанбаатар хотод очихгүйгээр харилцах боломж бүрдэнэ. Бид тогтвортой харилцаа холбоо бий болгохыг эрмэлзэж байна. Ингэснээр аливаа асуудал үүсэж даамжрах, цаашлаад бидний үйл ажиллагаанд хүндрэл учрахаас урьдчилан сэргийлж чадна. Бид Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа шүү дээ. Үүнийгээ ч байгаль орчинд ээлтэй, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах байдлаар гүйцэтгэхийг зорьж байна. 

    - Тэгэхээр газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт "Онги V" талбайн түр зогсолт одоо дууссан байх аа? 

    - Тийм ээ, бид үйл ажиллагаагаа 2021, 2022 онд түр зогсоосон байсан. Энэ нь цар тахлын улмаас техник, технологийн бүрдэл хангалттай байгаагүйтэй голчлон холбоотой. Бид энэ онд л "Онги V" талбайд цооногийн өрөмдлөг хийх боломж бүрдсэн. Харамсалтай нь цооног хуурай байсан. Гэхдээ би өрөмдсөндөө харамсахгүй байна. Бид өрөмдлөгийн үр дүнг одоогоор шинжилж байна. Энэ нь цаашид тус талбайд хийх хайгуулын ажилд хэрэгтэй мэдээлэлүүдийг өгөх болов уу. 

    - Төвийн бүсэд болон "Velociraptor" проспектэд ямар хайгуулын ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

    - "Velociraptor-1" цооног хуурай байсан. Бид тухайн цооногт өрөмдсөн чулуулагт дүн шинжилгээ хийж байна. Яагаад энэхүү цооногоос тос илрээгүйн шалтгааныг тодорхойлохоор зорьж байна. Тухайн проспектэд тосгүй байсан шалтгааныг зөв тогтоож чадвал ойролцоо газар дараагийн проспектэд өрөмдөх нь тийм ч муу санаа биш. Харин эсрэгээрээ тухайн газар нутаг тосгүй гэдгийг тогтоовол цаашид үргэлжлүүлэн өрөмдөх шаардлагагүй болно.

    ”Онги V” талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах дөхөж байгаа тул хурдтай ажиллахыг зорьж байна. "Онги V" талбайд маш их хөдөлмөр, хөрөнгө зарцуулсан болохоор байгаа бүхий л нөөц, боломжоо гаргах болно. Гэхдээ л цаг хугацаа бага байгаа тул хурдан гүйцэтгэхээр зорьж байна. Төвийн бүс нутаг нүүрс-устөрөгчийн хайгуулын хувьд өндөр потенциальтай, хангалттай хайгуул хийгдээгүй газар. Манайх шиг жижиг компанийн хувьд бүх талбайг эзэмшиж, бүх ажлыг дангаараа гүйцэтгэх боломжгүй. Бусад компаниудыг ч гэсэн оролцож, Монгол Улсын өмнөд хэсэгт газрын тосны хайгуул хийгээсэй гэж хүсэж байна. Учир нь энэ хэсгийн геологийн нөхцөл байдал  БНХАУ-ын хойд хэсэгтэй маш төстэй бөгөөд Хятад улс тэр хавийн бүс нутгаас маш их газрын тос илрүүлж чадсан шүү дээ. Тиймээс Монгол Улс ч мөн адил нөөц илрүүлэх бүрэн боломжтой гэж бодож байна.

    Бидний хувьд Монгол Улсын төвийн бүсэд гурван цооног өрөмдсөн нь үр дүн сайтай байсан. Потенциаль сайтай гэдгийг энд дурдмаар байна. "Петроматад" ХХК-ийн хувьд ч илүү их ажил хийх хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс бид нэмж талбай авах хүсэлтээ өгсөн. Бусад компаниудыг ч гэсэн оролцож, хайгуул хийгээсэй гэж хүсэж байна. 

    - "PetroChina Daqing Tamsag" компанитай хийж буй яриа хэлэлцээний талаар ярилцъя. “Цэн тогоруу” ордын газрын тосыг олборлох, экспортлох, борлуулалах талаар хийж буй хэлэлцээр ямар шатандаа явж байгаа вэ?

    - Манай компанийн хувьд азтай гэж хэлж болно. Учир нь миний санаж байгаагаар "PetroChina" компани 2005 оноос өнөөг хүртэл тухайн газарт үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн “Матад ХХ” талбайн хажууханд нь нөөц, хүчин чадалтай бүхий байгууламжууд байрладаг. Манай компани “Матад ХХ” талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үеэр "PetroChinа"-тай хэлэлцээ хийж, "Цэн тогоруу" ордыг ашиглахад тэдний байгууламжуудыг ашиглах талаар санамж бичиг байгуулсан.

    Тухайн үед худалдааны нарийвчилсан нөхцлүүдийг бид тохиролцоогүй. Харин одоо бид "Petrochina"-ийн олборлолтын тоног төхөөрөмжүүд, барилга байгууламжуудыг ашиглах, экспортын маршрутаар нь газрын тосоо нийлүүлэхэд хэр их зардал гарах вэ гэх мэт худалдааны тодорхой асуудлуудыг тохиролцох тал дээр ярилцаж байна. Эдгээр яриа хэлэлцээрийг нарийн асуудлуудыг эцэслэн тохиролцох хүрээнд хийж байна. Мэдээжийн хэрэг бид аль болох хурдхан л олборлолтын үйл ажиллагаагаа  явуулах боломжтой болохыг хүсэж байна шүү дээ.

    Олборлолт эхлэхэд газрын тосоо хаа нэгтээ нийлүүлэх хэрэгтэй болно. Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод манай "Цэн тогоруу" орд байгаа газарлуу хоолой татагдах хүртэл, бид "PetroChina"-ийн байгууламжууд болон экспортын гарцыг нь ашиглах сонирхолтой байгаа. Яагаад гэвэл тэдний үйл ажиллагаа маш үр дүнтэйгээс байдгаас гадна илүү нөөц бүхий хүчин чадалтай  гэж бид үздэг. Манай хоёр компани хамтран ажиллах нь тэдний ашиг сонирхолд ч гэсэн нийцнэ гэж бодож байна.  

    - Том зургаар харвал Монгол Улсын газрын тосны салбар эдийн засагт хэр нөлөөтэй болох боломжтой гэж Та харж байна вэ?

    - Газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг сурталчлах тал дээр бид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТГ-д дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хэдий "Петроматад” ХХК-ийн хувьд өрсөлдөөн нэмэгдэх ч гэсэн өөр оператор компаниуд Монгол Улсад орж ирээсэй гэж хүсэж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт тодорхой хэмжээнд амжилттай болж хэд хэдэн компаниуд өргөдөл ирүүлсэн байсан. Бидний хувьд зарим томоохон компаниудыг орж ирээсэй гэж хүсэж байна. Учир нь Монгол Улсын Засгийн Газрын зүгээс маш том хэмжээтэй талбайнуудыг санал болгодог. Мэдээж хайгуулын ажлаа зохих ёсоор явуулахад их хэмжээний хөрөнгө санхүүжилт шаардагдана. Тэгэхээр үүнийг ихэнхдээ том компаниуд л хийж чадна гэсэн үг.

    Өнөөгийн байдлаар олон улсын хэмжээнд хайгуулын салбарт компаниудын өрсөлдөөн ширүүн байна. Миний зүгээс Монгол Улсад нүүрс-устөрөгчийн хайгуулын чиглэлээр шинэ хөрөнгө оруулагч нар орж ирээсэй гэж хүсэж байна. Хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих тал дээр УУХҮЯ-д тодорхой саналыг дэвшүүлсэн. Зарим саналыг маань Засгийн газарт уламжилсан болов уу гэж найдаж байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд тусгай зөвшөөрлийг сурталчлах талаар ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалт татаж чадвал их сайн. Учир нь миний бодлоор Монгол Улсад хэтийн төлөв сайтай, ашиглах боломжтой маш том талбайнууд бий.

    - Ирэх саруудад ямар томоохон үйл явдлууд эсвэл шинэчлэлийг танай компанийн хувьцаа эзэмшигчид хүлээж болох вэ?

    - Тэгэхээр "Цэн тогоруу-1" ордын олборлолт эхэлбэл бид олон нийтэд зарлана. Түрүүн хэлсэнчлэн, бид энэ онд багтаан энэ ажлыг эхлүүлэхийг зорьж байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд бид шаардлагатай бүх бэлтгэл ажлууд дээр эрчимтэй шахаж ажиллаж байна. Энэ нь компанийн хувьд  маш том урагшлах алхам болно. Учир нь олборлолтоо эхлүүлэхээс гадна компани тодорхой хэмжээний орлого олж эхэлнэ гэсэн өөдрөг хүлээлттэй байна.

    Бид "Цэн тогоруу" ордыг хөгжүүлэхтэй холбоотойгоор өрөмдлөгийн нэлээд хэдэн ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Талбайн урд хэсгээр хайгуулын өндөр потенциаль ажиглагдаж байгаа учир хэд хэдэн цооног өрөмдөх хүсэлтэй байгаа юм. Тодорхой тогтоосон эцсийн хугацаа бол байхгүй. Гэхдээ өөрт юу байгаагаа аль болох эртхэн мэдэж авбал сайн хэрэг. Тэгэхээр бид эдгээр асуудлууд дээр төвлөрч ажиллаж байна. Мөн яриа хэлэлцээрүүд амжилттай болоод хайгуулын шинэ талбайтай болбол бид бас мэдээлэх болно. Хэзээ эцэслэн шийдэгдэх нь Засгийн газрын л мэдэх хэрэг болоод байна. 

    Cэтгэгдэл бичих