logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    36 жилийн дараах ялалт
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 19 12:00
    264
    Аргентин улсын шигшээ баг гурав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо

    Нэг сарын турш үргэлжилсэн "Qatar 2022" хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт гайхалтай өрсөлдөөн, уур амьсгалтайгаар өрнөж, шилдэг 32 баг дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Аргентин улсын шигшээ баг гурав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо.

    1978, 1986 онд Дэлхийн аварга болж байсан амжилттай Аргентины шигшээ баг ийнхүү гурав дахь удаагаа “Алтан дагина”-ын эзэн болсноор ДАШТ-ий аварга багуудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна. Одоогоор ДАШТ-д Бразилын шигшээ баг таван удаа, Герман, Италийн шигшээ баг тус бүр дөрвөн удаа түрүүлээд байгаа юм. Харин Франц болон Уругвайн шигшээ багууд хоёр түрүүтэй, Англи, Испанийн шигшээ багууд нэг нэг түрүүтэй удаалж байна.

    1.png

    Үндсэн болон нэмэлт цагт 3:3 харьцаатай тэнцэж, торгуулийн цохилтоор ялагчийг шийдсэн Аргентин болон Францын шигшээ багийн тоглолт түүхэнд үлдэх олон үйл явдлаар дүүрэн байв. Тухайлбал: ДАШТ-ий түүхэнд хоёрдугаарт бичигдэх хамгийн олон гоолтой, зургаан гоолоор 3:3 харьцаатай тэнцэж өндөрлөсөн тоглолт болсон төдийгүй шигшээ тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдсэн гурав дахь тохиолдол болж, түүхэнд бичигдэж байна.

    Өмнө нь 1958 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Бразил, Шведийн багийн тоглолт 5:2 харьцаатай буюу долоон гоолтой аваргалж байсан бол 1930, 1938, 2018 онд зургаан гоолтой өндөрлөж байсан ч 4:2 харьцаагаар дуусаж байжээ.

    Сүүлийн ДАШТ-дээ оролцсон алдарт Лионель Месси эцэст нь мөрөөдлөө биелүүлж, бүх цаг үеийн шилдэг хөл бөмбөгчин гэсэн байр сууриа баталгаажуулсан бол Францын залуу од Килиан Мбаппе энэ тэмцээнд нийт найман гоол оруулан бүх тоглогчдыг тэргүүлсний зэрэгцээ ДАШТ-ий шигшээ тоглолтын түүхэнд гурван гоол оруулсан хоёр дахь тоглогч боллоо. Килиан Мбаппегаас өмнө шигшээ тоглолтод гурван гоол хийсэн ганцхан тохиолдол байсан нь 1966 оны ДАШТ-д гаргасан амжилтаараа Жоф Харст бичигдэж байв.

    Лионель Месси “Ballon d’Or” шагналыг долоон удаа, Аваргуудын Лигийн цомыг дөрвөн удаа, “Copa America” тэмцээний цомыг нэг удаа, Испанийн "La Liga”-ийн аваргын цомыг 10 удаа хүртсэн төдийгүй Францын “Ligue 1” лигийн цомын эзэн юм.

    Килиан Мбаппегаас өмнө шигшээ тоглолтод гурван гоол хийсэн ганцхан тохиолдол байсан нь 1966 оны ДАШТ-д гаргасан Хари Жоф Харстын амжилт байв.

    Үүнээс гадна Хорватын шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д Мароккогийн багийг 2:1-ээр хожин, хүрэл медалийн эзэд болов. Хорватчууд 1998 онд хүрэл, 2018 онд мөнгөн медаль хүртэж байлаа. Мароккогийн шигшээ баг Арабын ертөнцөөс, Африк тивээс шөвгийн дөрөвт үлдсэн анхны баг болж түүхэнд бичигдэж байна.

    Хөл бөмбөгийн ДАШТ-ий  аваргаар шалгарсан Аргентины шигшээ баг Олон улсын хөл бөмбөгийн холбооноос 42 сая ам.долларын шагнал хүртэнэ. Харин мөнгөн медалийн эзэд болсон Францын хөлбөмбөгчид ДАШТ-ий 440 сая ам.долларын шагналын сангаас 30 сая ам.доллар хүртэх юм байна. 

    Харин гуравдугаар байрт шалгарсан Хорватын шигшээ баг 27 сая ам.доллар, дөрөвдүгээр байр эзэлсэн Мароккогийн шигшээ баг 25 сая ам.долларын шагнал хүртэх аж. Түүнчлэн "Qatar-2022" ДАШТ-д оролцсон Хөл бөмбөгийн холбоо бүр есөн сая ам.долларын шагналын мөнгө, мөн тэмцээнд бэлтгэсний зардал хэмээн 1.5 сая ам.доллар хүлээн авна.

    Дашрамд дурдахад, Аргентин улс 1978 онд аварга болж байхад инфляц нь 150 хувиас өндөр байсан, харин 1986 онд тус улсад инфляц 100  хувиас өндөр байжээ. Харин энэ онд тус улсын инфляц оны эхээр 50 хувьтай байсан бол сүүлийн сарын байдлаар 100 орчим хувьд тогтсон байна. 2023 оны эцсээр ч мөн гурван оронтой тоонд хадгалагдах төлөвтэй байгаа гэж “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчид үзэж байна.

    Cэтгэгдэл бичих