
АНУ-ын биотехнологийн “Biogen” болон Японы “Eisai” компаниудын хөгжүүлж буй альцгеймер өвчний эсрэг эм клиникийн шатны туршилтаар томоохон амжилт олжээ. “Lecanemab” эм нь өвчний эхний шатанд үүсдэг оюуны чадавх болон тархины үйл ажиллагааны доройтлын явцыг удаашруулж байгааг тогтоосон байна.
Дэлхий даяар 55 сая хүний тэмцэж буй альцгеймер өвчнийг анагаах үр дүнтэй арга олохын тулд эм үйлдвэрлэгч компаниуд олон туршилт явуулсан ч үргэлж бүтэлгүйтсээр ирсэн юм. Харин “Lecanemab” эм нь өвчний явцыг 27 хувиар удаашруулж, судалгааны гол зорилтыг хангаснаар анагаах ухааны салбарт чухал ололт амжилтыг авчирсны зэрэгцээ бусад компанийн судалгаанд эерэг үр нөлөөг дагуулж байна.
Сүүлийн хэдэн жилийн турш уналттай байсан “Biogen” компанийн хувьцааны ханш энэхүү мэдээлэл гарсны дараа 40 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 11 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Энэ нь тус компанийн хувьд 2020 оны 11 дүгээр сараас хойших өндөр өсөлт болж байгаа бол “Eisai”-ийн хувьцааны ханш Токиогийн Хөрөнгийн биржид 17 хувиар өссөн байна.
Дээрх хоёр компани одоогоор АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газраас “Lecanemab” эмийг ашиглах зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сард шийдвэр нь гарах төлөвтэй байгаа аж.
Харин 2023 оны эцэс гэхэд АНУ, Европ, Японд энэхүү эмийн хэрэглээ, борлуулалтын бүрэн зөвшөөрлийг авах зорилт тавьсныг “Eisai”-ийн Гүйцэтгэх захирал Харүо Найто онцоллоо.