logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Илон Маскийн хийх цомхотголд “Twitter”-ийн ажилтнуудын 50 хувь нь хамрагдана
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 03 11:15
    167
    Илон Маск “Twitter”-ийн 3700 ажилтныг цомхотгохоор төлөвлөжээ

    Тэрбумтан Илон Маск “Twitter” компанийн нийт ажиллах хүчний тэн хагасыг буюу 3700 ажилтныг цомхотгохоор төлөвлөсөн байна. Хэдхэн өдрийн өмнө сошиал медиагийн аварга компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж аваад байсан тэрбээр бизнесийн зардлаа танах зорилгоор энэхүү арга хэмжээг авахаар болсон аж.

    Энэ баасан гарагт Илон Маск цомхотголд хамрагдаж буй ажилтнуудад мэдэгдэл хүргүүлэх гэж байгааг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн “Twitter” компанид өмнө нь хэрэгжиж байсан зайнаас ажиллуулах бодлогыг бүрэн халж, зарим шалтгаанаас бусад үед ажилтнууд заавал оффис дээрээ ажиллах дүрэмтэй болгохоор төлөвлөснийг мэдээлсэн байна. 

    Тус компанид ажлын орон тоо цөөрүүлэх гэх мэт бодлогын томоохон өөрчлөлтүүд, хувилбаруудыг боловсруулахаар Илон Маск мэргэжлийн зөвлөхүүдийн багтай хамтран ажиллаж байгаа тул цомхотгол явагдах зарчим нь цаашид өөрчлөгдөж магадгүй байна. Жишээлбэл: “Twitter”-ийг орхиж буй ажилтнуудад 60 хоногийн хугацаатайгаар ажлаас халагдсаны тэтгэмж олгохоор яригдаж байгаа ажээ.

    “Twitter”-ийг худалдан авахын тулд хэт өндөр үнэ төлсөн болохоо илэрхийлсэн Илон Маскийн хувьд сүүлийн өдрүүдэд зардлаа танах арга замуудыг идэвхтэй хайж буй. Дөрөвдүгээр сард тэрбээр компанийн нэгж хувьцааг 54.20 ам.доллароор үнэлэн авах тохиролцоонд хүрсэн ч дараагийн хэдэн сарын турш хэлцлээс гарахыг оролдсон юм. Улмаар “Twitter”-ийн зүгээс шүүх дээр маргаанаа шийдвэрлүүлэхээр болсон тул Илон Маск байр сууринаасаа буцаж, анхны нөхцөлийн дагуу хэлцлийг эцэслэсэн билээ.

    “Twitter”-ийн шинэ эзэмшигч болсон даруйдаа тэрбээр Гүйцэтгэх захирал Параг Агравал тэргүүтэй ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлсөн тул компанийн дийлэнх ажилтнууд цомхотголд бэлтгэж эхлээд байгааг хэвлэлүүд мэдээлсэн юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэлтсийн захирал, дэд Ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг цөөн тооны хүмүүсийг чөлөөлсөн бол бусад удирдах албан тушаалтнуудад цомхотголд хамруулж болох ажилтнуудынхаа жагсаалтыг гаргаж өгөхийг даалгасан гэж мөн мэдээлжээ.

    Дээрх эх сурвалжийн дурдсанаар цомхотголын жагсаалтыг тухайн ажилтны ажиллах хугацаандаа “Twitter”-ийн кодыг бичихэд оруулсан хувь нэмрээр нь эрэмбэлэн гаргасан аж. 

    Cэтгэгдэл бичих