logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    ЗГ: Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээг эхлүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 15 16:00
    261
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй албан ёсны хэлэлцээ хийв

    БНСУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааг дүгнэж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.  

    Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пёд бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэн бэхжүүлэхэд Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй”-г дурдлаа.

    Харин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё  “Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, худалдааны саад тотгорыг багасгах зорилгоор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх, хоёр талын хэлэлцээний багийг байгуулж ажиллахаар тохирч, энэ чиглэлд хамтран ажиллах тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан”-ыг сайшаагаад “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллах болсныг өндрөөр үнэлж байгаагаа онцлов.

    Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. 

    Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав. Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулахад чиглэсэн хамтарсан судалгааг 2021 онд дуусгасан бөгөөд дотоодын процедураа хангаж, ажлын даалгавраа тохиролцсоноор хэлэлцээрийн төслийн яриа, хэлэлцээг эхлүүлнэ.

    Мөн ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав. Энэхүү санамж бичгийг байгуулснаар газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгоор хамтарсан судалгаа явуулах, хүний нөөцийн харилцан солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт болон ховор металлын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Судалгааны төв байгуулах юм байна.

    Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын суурь хэлэлцээрт Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн дагуу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтарсан хороо байгуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон хөгжлийг цогцлооход хамтран ажиллана.

    Мөн Цэргийн нууц мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Соёлын яам, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2023-2026 оны Соёлын солилцооны хөтөлбөр болон хот байгуулалтын хамтын ажиллагааны тухай Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт салбарын яамдын сайд нар гарын үсэг зурлаа. Тухайлбал: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилгод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улсын “Орхоны хөндий”, “Хөшигийн хөндий”-д ухаалаг, шинэ хот байгуулахад хамтран ажиллана. 

    Түүнчлэн  БНСУ руу зорчих олон удаагийн визний хамрах хүрээг өргөжүүлж, эмчилгээний визийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, виз олгох процедурыг хурдасгах үүднээс хоёр талын консулын ажилтны тоог нэмэхээр боллоо. Түүнчлэн 2023 оны зургаадугаар сарын эцэс, долоодугаар сарын эхээр К-POP фестивалийг Монгол Улс, БНХАУ-ын хилийн бүсэд зохион байгуулахаар болсон байна.

    БОАЖЯ-ны Аялал, жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од

    Cэтгэгдэл бичих