
Канад улсын Засгийн газар БНХАУ-ын гурван компанийг тус улсад лити олборлодог жижиг компаниудад хөрөнгө оруулах эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Канад улс дотоодын чухал ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах журмаа чангаруулаад байсан юм.
Энэхүү шийдвэрийн хүрээнд Хонгконгт бүртгэлтэй “Sinomine Rare Metals” компани Ванкуверт төвтэй “Power Metals”-д, “Chengze Lithium International” нь Калгарид төвтэй “Lithium Chile”-д, “Zangge Mining Investment” нь Ванкуверт төвтэй “Ultra Lithium” компанид тус тус үргэлжлүүлэн хөрөнгө оруулах боломжгүй болсныг лхагва гарагт мэдээлжээ.
“Эдгээр компаниудад Канадын Үндэсний аюулгүй байдал болон тагнуулын байгууллагын олон шатлалт шалгалтын ажиллагааг явуулсан болно. Засгийн газрын шийдвэрийг аюулгүй байдал, тагнуулын байгууллагууд, чухал ашигт малтмалын салбарын мэргэжилтнүүд болон бусад түншүүдийн зөвлөмж, дүгнэлт дээр үндэслэн гаргасан” хэмээн Канадын Аж үйлдвэрлэлийн сайд Франсуа-Филипп Шампань мэдэгджээ.
Баасан гарагт Канадын Засгийн газрын баталсан шинэ удирдамж нь гадаадын Төрийн өмчит компаниудыг тус улсад лити, никель, зэс, уран зэрэг чухал ашигт малтмалын гэрээ хэлцэл хийхэд улам хэцүү болгожээ. Зөвхөн онцгой нөхцөлд гадаадын Төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг батлахаар болсныг мэдэгдэлд онцолсон байна.