
“General Motors” болон тус компанийн цэнэг хураагуур үйлдвэрлэлийн түнш “LG Energy Solution” компани АНУ-д дөрөв дэх үйлдвэрээ барих төлөвлөгөөгөө цуцалсныг ойрын эх сурвалж мэдээлжээ.
Хэдий тийм боловч “General Motors” компани цахилгаан автомашины зорилтоо урагшлуулахын тулд АНУ-д дахин нэг цэнэг хураагуурын үйлдвэртэй болох зорилтоо орхиогүй бөгөөд сүүлийн саруудад өөр ханган нийлүүлэгчидтэй яриа хэлэлцээ хийж байгааг онцолсон байна.
Дээрх хоёр компанийн түншлэлд ан цав үүссэн нь “General Motors” цахилгаан автомашин үйлдвэрлэлийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлж, шинэ үйлдвэрийн төлөвлөгөөгөө яаралтай батлахыг хүссэн нь “LG Energy Solution”-ийн төлөвлөж байсан хугацаатай нийцээгүйтэй холбоотой аж. Түүнчлэн “General Motors” цэнэг хураагуурт гал гарах асуудлаас болж 143 мянган “Chevrolet Bolt” цахилгаан автомашинаа эргүүлэн татсан бөгөөд үүний зардлын ихэнх хувийг “LG Energy Solution”-ээс барагдуулсан байна. Мөн Охайо мужийн Лордстаун хот дахь үйлдвэрийнх нь ажилтнууд эвлэл байгуулах асуудалд хоёр компанийн баримталж буй байр суурь хоорондоо зөрчилдсөн гэх мэт хэд хэдэн үйл явдал хамтын ажиллагаанд нь сөргөөр нөлөөлжээ.
“General Motors” компани Хойд Америкт 2024 он гэхэд 400 мянга, 2025 он гэхэд нэг сая цахилгаан автомашиныг хангах хүчин чадал бүхий цэнэг хураагуурын дөрвөн үйлдвэр барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Теннесси мужийн Спринг Хиллд байрлалтай эхний үйлдвэр нь энэ онд ашиглалтад орох бол Мичиганд байрладаг өөр нэг үйлдвэр нь ирэх kноос үйлдвэрлэлээ эхлүүлэх аж.