
Зургийг: С.Батсайхан
Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал жил ирэх тусам идэвхжиж, Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн чухал салбарын нэг болоод байна. Дэлхий дахины жишгийг харахад гадаад жуулчдаас илүү дотоодын жуулчдаас олох орлого тухайн газар, орон нутгийн хувьд хамаагүй илүү байдаг аж.
Монголчуудын хувьд айл болгон автомашинтай болсон төдийгүй авто зам сайжирснаар дотоодын аялал жуулчлал ч нэлээд хөгжиж байна. Сүүлийн үед дотоодын аялалд явахдаа аяллын компаниар үйлчлүүлэхийг чухалчилдаг болсноо иргэд онцолж байв. Тухайлбал: өмнөх жилүүдтэй харьцуулахад автомашиндаа хөнжил гудас, майхнаа ачаад, голын эрэг тохой, уулын бэл бараадан хээр гадаа хоноглохоос илүүтэй Монголынхоо түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахдаа утга учрыг нь сайн ойлгож, тав тухтай аялахад дотоодын аялал жуулчлалын компаниудад хандаж, тэдний үйлчилгээг сонгох нь их болсон байна. Ингэснээр наад зах нь хөдөө гараад л зам мэдэхгүй төөрч будилахгүй, цагт баригдахгүй, ядарч, чилэхгүй жинхэнэ утгаараа амрахаас гадна тухайн аяллаас илүү их зүйл мэдрэх боломжтойгоороо давуу байдаг аж. Аяллын компаниуд ч үйлчлүүлэгчдэдээ хямд үнэ, өвөрмөц үйлчилгээ, аяллын сонирхолтой маршрут санал болгох нь жилээс жилд нэмэгджээ.
“Эх орноороо аялахдаа байнга очдог газрууд баялаг түүх, өвөрмөц зүйл ихтэй байдаг ч зүгээр л нэг үзэж, хараад өнгөрөх биш үнэт зүйлсийг нь мэдэж авах нь чухал” гэдгийг Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн онцолж байв.
Covid-19 цар тахалтай холбоотойгоор улс орнууд хилээ хааж, аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байдалд ороод байсан үед дээрх төрлийн бизнес эрхэлдэг компаниуд дотоодын жуулчдадаа илүү анхаарсан үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах болсон нь томоохон боломж олгосон гэхэд болохоор байгаа аж.
Монголчуудын хувьд эх орноороо аялахад VI-VIII сар хамгийн таатай үе байдаг бөгөөд Энэ зун орон даяар 860-880 мянган дотоодын жуулчин аялах судалгааг Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо танилцуулж байсан юм. Иргэд ч аль болох зуны саруудад амралтаа авч, гэр бүлээрээ аялж зугаалахыг илүүд үзэх болжээ.
Дотоодын аялал жуулчлалын хамгийн идэвхтэй өдрүүд буюу жилийн жилд баяр наадмын өдрүүдэд хотоос гарах чиглэлд түгжрэл үүсэж, баруун, зүүн тээврийн товчоогоор гарах, орох автомашины ачаалал оргил үедээ хүрдэг.
Зам тээврийн хөгжлийн төвөөс танилцуулснаар энэ оны долоодугаар сарын 7-16-ны өдрүүдэд нийт 843 мянга 416 автомашин хөдөө орон нутагт зорчсоноос 338 мянга 327 нь Улаанбаатар хотоос гарсан аж.
Нийслэлээс баруун чиглэл рүү гарах хамгийн ачаалалтай товчоо болох Эмээлтээр 115 мянга, Түргэнээр 40 мянга, Хоолтоор 44 мянга, Налайхаар 80 мянга, Хөшигтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 60 мянга гаруй тээврийн хэрэгсэл гарсан байна. Эдгээр тээврийн хэрэгслээр нэг сая 106 мянгаас нэг сая 382 мянган жуулчин аялжээ. Харин аймаг хооронд 505 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчсон аж.
Аялагчид очих газраа сайн судалж, төлөвлөхийн зэрэгцээ санхүүгийн тооцоогоо нарийвчлан хийх нь хамгаас чухал байдаг. Энэ жилийн хувьд иргэд дотоодын аялалд 100 мянгаас 2.5 сая төгрөг зарцуулсан тооцоог судлаачид гаргасан байна. Тухайлбал: нийслэл хот орчимд хамгийн бага үнээр аялахад 182 мянган төгрөг зарцуулж байсан бол өдрийн хоёр хоолтой, гэрт болон байшинд байрлан аялах дундаж үнэ 209 мянгаас 261 мянган төгрөг, гурван хоолтой өндөр зэрэглэлийнх 262 мянгаас 328 мянган төгрөг байжээ.
Жилийн дөрвөн улирлыг нэг дор үзэх боломжтой Баян-Өлгий аймагт орших Алтай таван богдын байгалийн цогцолборт газрыг энэ жил өмнөхөөсөө олон хүн зорьсон байна. Баян-Өлгий аймгийг зорьсон хүн Байгалийн гайхалтай тогтоц бүхий Сүүн гол, Потанины мөсөн гол, мөнх цаст ноён оргилууд, Хурган, Хотон, Номин нуур, Их бага Түргэний хүрхрээ зэргийг үзэх боломжтой бөгөөд 14 хоногт хамгийн багадаа 1.5-1.8 сая төгрөг зарцуулсан дүн байна. Хувиараа майхантай аялсан иргэд хамгийн багадаа 980 мянган төгрөгөөс 1.2 сая төгрөг зарцуулсан тооцоо байгаа аж. Харин өдрийн хоёр хоолтой, жуулчны баазын аяллын дундаж үнэ 1.6-2.1 сая төгрөг, гурван хоолтой өндөр зэрэглэлийн аялал 2.1-2.6 сая төгрөг байжээ.
Мөн Хөвсгөл далай, Увс аймгийн Увс нуур, Хяргас нуур, Хэцүү хад, Дундговь аймгийн Их газрын чулуу болон Архангай аймгаар хамгийн олон хүн аялжээ. Хөвсгөл аймагт дунджаар 7-8 хоног хийх аялалд хамгийн багадаа 842 мянгаас 1.053 сая төгрөг, хоёр хоолтой дундаж үнэ 914 мянгаас 1.114 сая төгрөг, гурван хоолтой өндөр зэрэглэлийнх 1.172-1.465 төгрөг байсан аж.