
АНУ технологийн худалдаа, ашиглалтын журмаа БНХАУ-ын эсрэг чангатгаснаар тус зах зээлд зарах хөдөлгөөн эрчимжиж, хагас дамжуулагчийн компаниудын хувьцааны ханш огцом унасан байна.
Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаниудыг багтаадаг “The Philadelphia Stock Exchange Semiconductor Index” даваа гарагт 3.5 хувиар буурч, 2020 оны 11 дүгээр сараас хойших доод цэгтээ хүрчээ. Он гарсаар нийт 40 гаруй хувиар унаад буй индекс сүүлийн гурван өдрийн арилжаагаар 10 орчим хувиар унасан байна. Ийнхүү хагас дамжуулагчийн зах зээл санхүүгийн шинэ улирлыг тааруу эхлүүлснээр тус салбарын уналт дуусах болоогүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.
Хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудаас “Applied Materials”-ийн хувьцаа 4.1 хувиар, “Lam Research”-ийнх 6.4 хувиар, “KLA”-ийнх 4.7 хувиар, “AMD”-ийнх 1.1 хувиар унасан үзүүлэлттэй байна.
АНУ хиймэл оюун ухаан, супер компьютерт ашиглагддаг зарим төрлийн чипийн экспортод хязгаарлалт тавьсан төдийгүй БНХАУ-ын аливаа компанид хагас дамжуулагчийн тоног, төхөөрөмж худалдах журмаа чангатгах арга хэмжээ авчээ. Мөн “баталгаагүй” компанийн жагсаалтдаа багтаасан БНХАУ-ын компаниудын тоогоо нэмсэн тул АНУ-ын ханган нийлүүлэгчид тэдгээртэй худалдаа хийхэд саад учирна гэсэн үг юм.
“Журмын өөрчлөлт асуудлыг улам даамжруулж байна. БНХАУ үүнд хариу болгож юу хийх нь тодорхойгүй” хэмээн “Bernstein”-ийн шинжээч Стэйси Расгон онцолж байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин энэхүү арга хэмжээг шударга бус хэмээн тодорхойлж, мөн АНУ-ын компаниудын эрх ашгийг ч зөрчсөн хэмээн шүүмжилжээ.