
“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт Индонез улсын Бали аралд эхэлж байна. Энэхүү уулзалтыг угтан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар цар тахал эхэлснээс хойш анх удаа биечлэн уулзлаа.
Жо Байден, Ши Жиньпин нарын уулзалт гурван цагийн турш үргэлжилжээ. Уулзалтаар xоёр улсын харилцааг илүү нөхөрсөг болгох эв найрамдалтай холбоотой хэд хэдэн асуудалд санал нэгдсэн нь анхаарал татаж байна.
Мөн цаашид цаг уурын өөрчлөлт, дэлхийн эдийн засаг зэрэг асуудлаар дээд түвшний уулзалтуудыг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Тухайлбал: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ойрын хугацаанд БНХАУ-д айлчилна гэж Жо Байден мэдэгдсэн байна.
Түүнчлэн тэрбээр БНХАУ Тайвань руу гарцаагүй халдахаар оролдож байна гэж үзэхгүй байгаагаа тодотгосон аж. Мөн хүйтэн дайн эхлүүлэх шаардлага байхгүй гэж итгэж байгаагаа онцолсон байна.
“Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар ОХУ-ын халдлагыг томьёолох үг хэллэг дээр талууд санал зөрөлдөхөөр байгаа аж.
ОХУ-ын хувьд Украин улс руу хийж буй дайралтаа дайн гэж тодорхойлохгүй байх ёстой гэсэн шаардлага тавьсан байна. Энэ нь албан ёсны мэдэгдэл дээр гишүүд орнуудыг талцуулж байна.
Нэг талд ОХУ, БНХАУ болон зарим хөгжиж буй орнууд, нөгөө талд “Их 20”-ийн бүлгийн бусад гишүүд талцан хуваагдаад байгаа юм.
Ингэснээр “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт түүхэндээ анх удаа бүх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хамтарсан мэдэгдэл гаргалгүйгээр өндөрлөх магадлалтай байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден