
“Glencore” компани Австрали улсад байршилтай дэлхийд томоохонд тооцогдох нүүрсний уурхайн төслөө зогсоохоор болжээ. Тус компани дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд ийм шийдвэрт хүрснээ мэдээлсэн байна.
Ингэснээр Квинслэнд мужид 1.3 тэрбум ам.долларын өртөг бүхий нүүрсний уурхайг барихгүй гэдгээ “Glencore”-ийн удирдлага мэдэгджээ. 37 жилийн нөөцтэй, жил бүр 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай гэж тооцоологдсон тус уурхай нь дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын гол эх үүсвэрийн нэг болох байсан аж.
Уул уурхайн салбарт тэргүүлэгч “Rio Tinto”, “BHP” зэрэг компаниуд хүлэмжийн хий ялгаруулдаг шатах түлшнээс зайгаа барьж, ногоон эрчим хүчний шилжилтэд шаардлагатай никель, зэс, лити, кобальтын олборлолтод анхаарлаа хандуулж эхэлсэнтэй холбоотойгоор “Glencore” компани дээрх шийдвэрийг гаргасан байна.
Үүнээс гадна Квинслэнд мужийн захиргаанаас нүүрсний роялтийн хувийг нэмэгдүүлсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулсан гэж “Glencore” мэдэгдэв.
"Энэхүү шийдвэр нь дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болон компанийн үйл ажиллагаанаас нүүрсний олборлолтыг бууруулах хариуцлагатай менежментийн хүрээнд гарсан. Мөн энэ нь 2050 он гэхэд компанийн бизнесийн үйл ажиллагаа дахь хүлэмжийн хийг бууруулж, ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилтын нэг хэсэг" хэмээн “Glencore” компаниас гаргасан мэдэгдэлд дурджээ.
“Valeria” хэмээх төсөл нь Австралийн Засгийн газрын шалгаж байсан хамгийн том нүүрсний уурхайн төслүүдийн нэг байв. Энэхүү төсөл нь нийт 250 сая тонн үйлдвэрлэлийн хүчин чадал бүхий ашиглалтынхаа хугацаанд 17 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт ялгаруулах тооцоотой 30 орчим уурхайн багц төслийн нэгээхэн хэсэг байсан юм.