
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Ла Маншийн хоолойг гатлан Их Британи руу орж ирж буй цагаачдын урсгалыг таслан зогсоох үүднээс Францын хойд эрэг дагуух хилийн харуулуудын тоог 40 хувиар нэмэгдүүлэх гэрээг Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой үзэглэлээ.
Франц улс өмнө нь халдашгүй байдлын бодлогоос шалтгаалан Их Британийн Хил хамгаалах хүчний албан хаагчдыг улсынхаа газар нутагт үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрдөггүй байсан бол дээрх гэрээг байгуулснаар байдал өөрчлөгдөхөөр болжээ. Шинэ төлөвлөгөөгөөр зөвхөн хилийн харуулуудын тоо нэмэгдээд зогсохгүй хяналтын камер, дроны хэрэглээ, шөнийн харааны дуран зэрэг боомтын аюулгүй байдлын дэд бүтцэд томоохон хөрөнгө оруулалт хийгдэх аж.
“Үүний ачаар хууль бус цагаачдын тоог бууруулж чадна гэдэгт би итгэлтэй байна. Хэдий тийм боловч ганц арга хэмжээгээр асуудлыг шууд шийдчихгүй гэдгийг шударгаар хэлэх хэрэгтэй. Нэг шөнийн дотор бүгдийг хийж чадахгүй шүү дээ” хэмээн Риши Сунак даваа гарагт Индонезын Бали аралд болж буй “Их 20”-ийн уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа өгүүлжээ.
Цагаачлал нь Их Британид удаан хугацааны турш маргаантай сэдэв байсаар ирсэн юм. Тус улсын Дотоод хэргийн сайд Суэлла Брэйвермэн сүүлийн үед нэмэгдээд буй цагаачдын урсгалыг “халдан түрэмгийлэл” хэмээн тодорхойлжээ. Судалгаагаар энэ онд 40 мянга гаруй цагаач Их Британийн арлын өмнөд эрэгт буусны дийлэнхийг нь гэмт хэргийн бүлэглэлүүд зуучлан авчирсан байна.
Их Британийн Засгийн газраас шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 72 сая еврогийн зардал гарна гэж тооцоолсон байна. Хэдий тийм боловч Ла Маншийн хоолойг гаталж буй цагаачдын тоог бууруулахад ямар нэгэн зорилтот тоо байхгүй болохыг Риши Сунакийн хэвлэлийн төлөөлөгч Камилла Маршалл хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс хэрэв дээрх төлөвлөгөө бүтэлгүйтлээ гэхэд Их Британи Франц улсад тохиролцооны дагуу төлбөрөө бүтнээр төлөх ёстой болох уу гэсэн асуулт гарч ирсэн байна.