logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Тэрбумтнуудын алдаа, оноо: Уоррен Баффетын оновчтой стратеги, Масаёши Соны "гөжүүдэл"
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 09 10:00
    234

    Зургийг: Bloomberg

    Уоррен Баффет яагаад АНУ-ын Засгийн газрын богино хугацаатай бондуудыг ихээр авах болов?

    Аливаа хөрөнгө оруулалтыг өгөөж ба эрсдэл үргэлж дагадаг гэдэг утгаараа тэрбумтнууд дандаа оносон шийдвэр гаргаад байна гэж үгүй. Уоррен Баффетын оновчтой стратеги, Масаёши Соны алдаа энэ долоо хоногт хамгийн их анхаарал татаж байна.

    Баффет хаашаа чиглэв?

    Уоррен Баффетын “Berkshire Hathaway” АНУ-ын Засгийн газрын богино хугацаатай бонд худалдаж авахыгаа улам нэмэгдүүлж, хажуугаар нь урт хугацаатай бондууд болон хувьцаанаас зайлсхийх болжээ. Энэ нь домогт хөрөнгө оруулагч дэлхийн эдийн засгийн эргэлтийн цэг ойртсоныг мэдэрч, үүнээс өмнө ханшийн уналттай байгаа үнэт цааснуудыг “хамахаар” хичээж буйн илэрхий дохио гэж болохоор байна.

    “Berkshire Hathaway”-ийн эзэмшдэг Засгийн газрын богино хугацаатай бондуудын үнийн дүн есдүгээр сарын сүүлийн байдлаар 126 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш 36 хувиар өссөн байна. Энэ нь тус компанийн түүхэндээ эзэмшсэн Засгийн газрын бондын хамгийн өндөр дүн болсныг өмнөх тайлан мэдээллүүд нь харуулж байгаа юм.

    unnamed.jpg

    Төсөөлснөөс харьцангуй тэсвэртэй эдийн засгийн үзүүлэлтүүд, ужгирсан инфляц, мөн төсвийн алдагдлаас үүдэлтэй болгоомжлол зэрэг нь сүүлийн саруудад бондуудын өгөөж огцом өсөх шалтгаан болоод байна. Ялангуяа АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж таван хувьд дөхсөн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг хувьцаа гэх мэт эрсдэлтэй хэрэгслүүдээс илүүтэй татахад хүргэсэн юм. Тиймдээ ч наймдугаар сард Илон Маск ийм нөхцөлд Засгийн газрын бондууд нь бодоод байх юмгүй ойлгомжтой сонголт хэмээн бичиж байв.

    Өөр өнцгөөс тайлбарлавал

    “Berkshire Hathaway”-ийн III улирлын тайлангаас хамгийн анхаарал татсан тоо нь тус компанийн бэлэн мөнгөний нөөц дээд дүн буюу 157.2 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд үүний дийлэнхийг Засгийн газрын бондууд бүрдүүлсэн явдал байв. Энэ нь өдгөө 93 настай “Омахагийн зөнч” дэлхийн эдийн засгийн уналтын өмнө мөнгө хурааж байгаа, эсвэл зүгээр л шинэ хэлцэл олох нь багассаны дохио гэж шинжээчид олон янзаар тайлбарлаж буй.

    “Хэдий тийм боловч бодит байдалд Уоррен Баффет өөрийн сурсан зангаараа зах зээлд тэвчээр зааж, олон бооцоо тавихаас зайлсхийж байгаа нь энэ” гэж “Bloomberg”-ийн нийтлэлч Жонатан Левин бичжээ. Тодруулбал: бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө “Berkshire Hathaway”-ийн нийт хөрөнгийн 15.4 хувийг бүрдүүлж байгаа нь 20 жилийн дунджаасаа яльгүй давсан л үзүүлэлт аж. Иймд “дээд” гэсэн ганц үг дээр төвлөрснөөр бодит нөхцөл байдлыг хэт сүржнээр харж буй хэрэг гэжээ.

    Түүнчлэн 2020 онд Уоррен Баффет Японы арилжааны хэд хэдэн компанийн хувьцааг чанартай, хямдхан гэсэн үндэслэлээр худалдан авсан юм. Түүнээс хойш тэрбээр зарцуулсан дүнгээ нугалж олсон бөгөөд саяхан тэдгээр компаниудад эзэмшдэг хувьцаагаа нэмсэн билээ.

    Масаёши Соны алдаа

    Японы тэрбумтан Масаёши Соны “SoftBank”-ийн гол хөрөнгө оруулалтуудын алдагдал тэрбум тэрбум ам.доллароор хэмжигдэж, олон жил хадгалагдсан сул менежмент, хөрөнгө оруулалтын буруу стратегийнх нь горыг амсуулж байна. Дундын оффисын бизнес болох “WeWork” дампуурлаа зарласнаар “SoftBank”-д хувьцааны үнийн дүнгээр 11.5 тэрбум ам.долларын алдагдал учруулжээ.

    unnamed.gif

    Масаёши Сон туслахуудынхаа эсэргүүцлийг үл харгалзан “WeWork”-ийн Үүсгэн байгуулагч Адам Нойманнд “SoftBank” болон “Vision Fund”-аасаа олон тэрбум ам.доллар гаргаж өгснөөр 2019 оны эхээр тус компанийн үнэлгээ 47 тэрбум ам.доллар хүрч цойлж байв. Түүнээс хойших хугацаанд зөвхөн “WeWork”-оор тогтохгүй “KATERRA”, “Eutelsat OneWeb”, “Zume Inc. Pizza” зэрэг хөрөнгө оруулсан компаниуд нь дампуурал зарлаж, эсвэл үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байгаа аж.

    Эдгээр буруу эргэлтүүд нь тэрбумтан Масаёши Соны мэргэжлийн нэр хүнд, түүнд үзүүлэх итгэлд хэзээ ч арилахгүй сэв суулгасныг “Bloomberg” онцолж байна.

    Cэтгэгдэл бичих