
Иений ханш түүхэн доод хэмжээнд хүрч суларсан нь өсөлтийн эрчийг сааруулснаар Япон улсын эдийн засаг III улиралд агшсан үзүүлэлттэй гарчээ. Ингэснээр дэлхийн эдийн засагт уналт үүсэх болгоомжлол нэмэгдэж буй энэ үед тус улсын цар тахлын дараах сэргэлт хангалтгүй түвшинд хэвээр үлджээ.
Японы дотоодын нийт бүтээгдэхүүн III улиралд өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буурснаар эдийн засаг нь өнгөрсөн оноос хойш анх удаа агшсан байна. Эдийн засагчид тус улсын эдийн засаг 1.2 хувиар тэлнэ гэж үзэж байсан юм.
Энэхүү тооцоолоогүй агшилт нь Японы үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны уналт эдийн засагт хэрхэн нөлөөлснийг харуулсны зэрэгцээ цар тахлын дараах бүрэн сэргэлтийн зам урт хэвээр байгааг илэрхийлж байна.
Засгийн газраас нь олгох тусламжийн багц ирэх саруудад өсөлтийг сэргээхэд дэм болно гэж эрх баригчид найдаж байгаа аж. Мөн иений ханш суларсантай холбоотойггор аяллын зардал буурсан үед Япон улс хилээ бүрэн нээснээр гадаадын жуулчдын дотоод дахь зарцуулалт нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Иений ханш ам.долларын эсрэг 20 гаруй хувиар суларсны дараа Японы улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилд анх удаа ханшийн өсөлтийг дэмжих интервенц хийж, аравдугаар сард энэхүү арга хэмжээгээ дахин давтсанаар интервенцийн нийт зардал нь 65 тэрбум ам.доллар хүрсэн байна.