
Улаанбаатар хотын 44 байршил дахь хүүхдийн тоглоомын талбайн 60 хувь нь эрсдэлтэй байгааг холбогдох байгууллагын хяналт, шалгалтаар тогтоосон байна. Шалгалтаар тоглоомын талбай бүрэн бус, эвдрэл ихтэй, тоглоомууд стандарт бус, хуучирч муудан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, гулсуур хэт налуу зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Хяналт, шалгалт үргэлжилж байгаа аж.
Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд дүүрэг бүр хяналт, шалгалт зохион байгуулж, стандарт мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч үүрэг болгоод байгаа юм.
Нийслэлд хүүхдийн тоглоомын 1450 гаруй талбай байгаагаас 976 нь стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй байгаа бөгөөд үүнээс энэ онд 487 талбайд стандарт хангуулах арга хэмжээ авах талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам онцоллоо.
Түүнчлэн тоглоомын талбайнуудын арчилгаа тордлого дутмаг байгаа аж. Тоглоомын талбайг хүүхдүүд тоглож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан байгуулдаг ч зарим нь цоожтой байдаг байна.
Хуучин стандарт хэрэгжиж байх үед баригдсан орон сууцны барилгууд болон тоглоомын талбайн хувьд Нийслэлийн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар болон Мэргэжлийн хяналтын газар хяналт тавих ёстой байдаг бол стандартын дагуу баригдсан талбайн ашиглалт буюу бүрэн бүтэн, аюулгүй байдлыг Сууц Өмчлөгчийн Холбоо хангаж ажиллах үүрэгтэй аж.
Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд Зөвлөл 2023 оныг Сууц Өмчлөгчийн Холбооны эрх зүйн орчныг сайжруулах, мөн хүүхдэд таатай орчин бүрдүүлэх жил болгон зарлаад байгаа юм. Энэ хүрээнд улсын хэмжээнд хүүхдийн тоглоомын талбайнуудад үзлэг, шалгалт хийсний дүнд нийслэлийн хэмжээнд 138 талбайд засвар, үйлчилгээ хийх шаардлагатай байгааг тогтоожээ.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн тоглоомын талбайн асуудал ихээхэн хөндөгдөх болсонтой холбоотойгоор 2019 онд олон улсын жишигт ойртуулсан хүүхдийн тоглоомын талбайн стандартыг баталсан байдаг. Тухайлбал: насны гурван ангилалтай, хогийн цэгээс 100 метрээс хол зайд, автомашины хөдөлгөөнөөс тодорхой зайд, камержуулах гэж тогтоожээ. Мөн хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмээр нэг хүүхдэд 0.7 м.кв тоглоомын талбай ногдох ёстой юм байна.
Мөн нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгийн эдэлбэр газарт байрлах зургаан сараас 12 хүртэлх насны хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавихад хамаардаг байна.
Тоглоомын талбай нь хүүхдийн тоглож, наадах хэрэгцээнээс гадна бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэх, нийгмийн харилцаанд оролцуулах зэрэг олон талын үүрэгтэй. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн гаднах талбай энэ агуулгыг бүрэн багтаасан байх ёстой аж. Түүнчлэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тохижуулах шаардлагатай юм байна.