
Зургийг: Maika Elan/Bloomberg
Вьетнам л гэхээр дайнд нэрвэгдсэн, буурай улс санаанд ордог байсан цаг нэгэнт ард хоцорчээ. Цахиурын хөндийн бүтээгдэхүүн болсон авьяаслаг энтрепренерүүд, IT мэргэжилтнүүд тус улсын бизнесийн төв Хо Ши Мин хот руу олноороо нүүж, нойргүйдлийг анагаахаас эхлээд хэрэглээний зээл олгох хүртэл бүхий л чиглэлийн стартапыг байгуулж байна.
Азийн стартапын дараагийн зангилаа төв болоход одоогийн зохицуулалт, дүрэм журмаа сайжруулан шинэчилж, эдийн засгийн хүндрэлүүдийг зөв тактикаар даван туулах шаардлага үүснэ. Тэгвэл Вьетнамд стартапуудын тоо цар тахлын эхэн үеэс 2022 оны дунд үе хүртэлх хугацаанд хоёр дахин нэмэгдсэнийг "KPMG" болон "HSBC"-ийн тайланд дурджээ.
Ирээдүйтэй шийдэл санал болгож буй стартапуудыг "Sequoia Capital", "Warburg Pincus", "Alibaba" тэргүүтэй дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид сонирхох болов. "Google"-ийн судалгаанаас үзвэл 2021 онд Вьетнамын хувийн хэвшил нийт 2.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэх 233 хэлцэл хийсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон аж. Өмнөх онд нь 140 хэлцлээр 700 сая ам.доллар татан төвлөрүүлж байжээ.
Тус улсын дотоодын компаниуд нь Зүүн Өмнөд Азийн бусад томчуудтай өрсөлдөх түвшинд хүрч, 2021 онд бүс нутгийн нийт венчур санхүүжилтийн 13 хувийг авснаараа Индонез, Сингапурын дараа бичигдэх болсныг "Do Ventures" онцолсон байна. Хэдий тийм боловч энэ нь Вьетнамын эрх баригчдын хувьд хангалтгүй үзүүлэлт аж.
2030 он гэхэд тэд Хо Ши Минийг технологийн санхүүжилтийн "соронз" болгож, хотын дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувийг дижитал эдийн засаг эзэлдэг болгох зорилт тавьжээ.