
БНХАУ-ын шинээр томилогдсон Гадаад хэргийн сайд Цинь Ган “БНХАУ Африкийн орнуудад мөнгө зээлдүүлж, “өрийн урхи”-нд оруулж байна” гэсэн шүүмжлэлийг өөрийн анхны гадаад айлчлалынхаа үеэр эрс няцаажээ.
Сүүлийн үед АНУ-ын өндөр дээд албан тушаалтнууд БНХАУ-ын Засгийн газар болон компаниудаас Африкийн орнуудад олгож буй зээлийн нөхцөл ил тод бус байна хэмээн шүүмжлэх нь нэмэгдээд байгаа юм. АНУ-ын Сангийн сайд Жанет Иеллен “Дэлхийн өрийн хямралыг шийдэх ажилд тулгараад буй хамгийн том саад нь БНХАУ” хэмээн мэдэгдэж байв.
“БНХАУ-ын оруулж буй хувь нэмэр бол зөвхөн Африкийн ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө юм. Тиймээс үүнийг өрийн урхи хэмээн үндэслэлгүйгээр тодорхойлж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн Цинь Ган лхагва гарагт Этиоп улсад хийсэн айлчлалынхаа үеэр онцолжээ.
Африкийн орнуудын нийт гадаад өр 700 гаруй тэрбум ам.доллар хүрээд байгаагаас 12 хувийг нь БНХАУ-ын олгосон зээл дангаараа эзэлж байна. Саяхан өрийн дефолт зарласан Замби, Гана улс тэдгээр дундаас БНХАУ-ын гол зээлдэгчдэд тооцогддог болохыг “Chatham House” олон улсын харилцааны бодлогын хүрээлэн онцолж байна.
Түүнчлэн Цинь Ган Африкийн гадаад өрийн 75 гаруй хувийг олон талт зээлдүүлэгчид эзэлж байгааг Дэлхийн банкны тайланг эш татан онцлоод эргэн төлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд тэдгээр зээлдүүлэгчид голлох үүрэгтэй оролцох ёстойг онцолжээ. Сахарын цөлөөс өмнөх Африкийн бүс нутгийн орнуудын гадаад өрийн үйлчилгээний өртөг 2026 онд 2019 оны түвшнээс 50 хувиар өсөх төлөвтэй бөгөөд тивийн 54 улсын 18-д нь зээлээ эргэн төлөхөд хүндрэл учрахаар байгааг Парист төстэй “Finance for Development Lab” байгууллага тооцоолсон байна.