
Зургийг: parliament.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг баталлаа. УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар өөрчлөн найруулсан төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 96 хувь буюу 66 гишүүний дэмжлэгээр батлав. Ийнхүү Монгол Улс дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаагаа Үндсэн хуулиа өөрчилж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд "УИХ нэг танхимтай, 126 гишүүнээс бүрдэнэ. УИХ-ын сонгуулийг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх /мажоритар/, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн /пропорциональ/ төлөөлөх сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно" гэж өөрчлөн найруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3-т зааснаар өөрчлөлт оруулснаас хойш уг асуудлаар найман жилийн дотор дахин өөрчлөлт оруулахыг хориглосон байдаг.
Хоёр дахь хэлэлцүүлгийн дараа УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үед Үндсэн хуульд Парламентын гишүүний тоог 126 гэж тусгасан байгааг дэмжихгүйгээ илэрхийлж байсан юм.