
Турк улс энэ он дуусахаас өмнө Швед улсын NATO-д элсэх хүсэлтийг соёрхон батлахааргүй байгааг нэрээ нууцалсан албаны эх сурвалжаас мэдээлжээ. Үүгээр зогсохгүй ирэх онд тус улсын Парламентын сонгууль болох хүртэл энэ талаар нааштай шийдвэр гарах магадлал бага болохыг онцолсон байна.
Учир нь Швед улс NATO-ийн гишүүнчлэлтэй болохын тулд Турк улсын тавьсан шаардлагуудыг хараахан хангаж чадаагүй байгаагийн зэрэгцээ БНТУ-ын Парламентаар хэлэлцэх асуудлуудын хуваарь он дуустал дүүрсэн байгааг тус эх сурвалж мэдээлжээ. Харин NATO-д элсэх хүсэлт гаргасан өөр нэг улс болох Финландыг Анкара дэмжин ажиллахад бэлэн боловч дээрх хоёр улсын хүсэлтэд зэрэг хариу өгөхөөр төлөвлөөд байгаа аж.
NATO-ийн гишүүн 30 улс бүгд Парламентын хурлаар хүсэлтийг нь соёрхон баталснаар Швед болон Финланд улс цэргийн эвсэлд нэгдэх боломжтой болох юм.
Мөн энэ өдрүүдэд NATO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Турк улсад айлчилж, дээрх асуудлаар яриа хэлэлцээр хийж байгаа юм. Тэрбээр энэ баасан гарагт буюу 11 дүгээр сарын дөрвөнд БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан болон Батлан хамгаалахын сайд Хулуси Акар нартай уулзах хуваарьтай байгаа аж.
Турк улсын Засгийн газрын зүгээс Швед улс Курдын салан тусгаарлах үзэлтнүүдийг баривчилж, сэжигтнүүдийг шилжүүлэн өгөх, түүнчлэн Анкара руу чиглэсэн зэвсгийн худалдаанд тавьсан хязгаарлалтаа бүрэн цуцлах шаардлагуудыг биелүүлэх хүртэл NATO-д элсэх хүсэлтийг нь Парламентдаа өргөн барихгүй болохоо илэрхийлжээ.
Өнгөрсөн зургаадугаар сард Швед, Финланд улс аюулгүй байдлын эдгээр шаардлагуудыг хангаж, NATO-ийн гишүүнчлэлтэй холбоотой бусад санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэхээ амлаж, Турк улстай тохиролцоонд хүрээд байсан юм.
“Тус хоёр улс санамж бичигт тусгасан бүх заалтыг бүрэн хэрэгжүүлсэн гэж хэлэх боломжгүй байна. Турк улсын хувьд NATO-д, мөн NATO-ийг өргөжин тэлэхэд саад хийх зорилго үгүй” хэмээн БНТУ-ын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушлу Йенс Столтенбергтэй хийсэн уулзалтынхаа дараах хэвлэлийн хурал дээр онцолжээ.
Харин Йенс Столтенберг дээрх хоёр улс БНТУ-ын тавьсан шаардлагуудыг биелүүлсэн гэж үзсэн бөгөөд “Финланд, Шведийг NATO-ийн бүрэн эрхт гишүүнээр хүлээж авах цаг нь болсон. Тэд нэгдсэнээр манай эвсэл улам хүчирхэгжиж, иргэдийн маань аюулгүй байдал нэмэгдэнэ” гэсэн байна.
Одоогоор Швед болон Финланд улсын хүсэлтийг соёрхон батлаагүй NATO-ийн хоёр гишүүн үлдээд байгаа нь Турк болон Унгар улс юм.