
"Apple" компани судалгаа болон хөгжүүлэлтээс бусад хэлтэст ажилтан шинээр авахаа түр зогсоолоо. Энэхүү шийдвэр нь тус компанийн ирэх жилээс хэрэгжүүлэх зардлаа танах бодлогын эхлэл гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт болон урт хугацааны төсөл дээр ажиллаж буй багуудад дээрх шийдвэр хамаарахгүй боловч бизнесийн зарим үйл ажиллагаа, энгийн тоног, төхөөрөмжийн болон программ хангамжийн инженерүүдэд голлон нөлөөлнө гэж эх сурвалж мэдээлжээ.
Ингэснээр “Apple” компани бодлогын хүүгийн өсөлт болон хэрэглэгчдийн эрэлт буурсантай холбоотойгоор хүний нөөцийн бодлогоо түр хойшлуулсан технологийн томоохон компаниудын эгнээнд нэгдэж байна. Хэдийгээр энэ онд тус компани салбарын бусад томоохон компаниудаас харьцангуй сайн үзүүлэлттэй байгаа ч ухаалаг гар утас болон компьютер үйлдвэрлэлийн нийтлэг асуудлуудтай нүүр тулсаар байгаа юм.
Дээрх шийдвэр нь ирэх онд зардлаа бууруулж, ажлын байраа танаж, зарим хэлтсийн боловсон хүчний зардлын өсөлтийг удаашруулах зорилготой аж. Энэхүү төлөвлөгөөний талаар “Bloomberg News” өнгөрсөн долоодугаар сард мэдээлж байсан юм. Бүсээ чангалах бодлогынхоо хүрээнд “Apple” наймдугаар сард 100 гаруй гэрээт ажил зуучлагчидтай хийсэн гэрээгээ цуцалж байв.
Энэ бүгдээс үл шалтгаалан “Apple” компани судалгаа хөгжүүлэлтийн салбарын зардлаа танахгүй гэж мэдэгдээд байна. Энэхүү хэлтсийн зардал 2022 онд 20 хувиар өсөөд байгаа бол 2021 онд 17 хувиар өсөж байжээ. Одоогоор тус хэлтэс виртуал бодит байдлын технологиуд болон өөрийн удирдлагатай тээврийн хэрэгслийн төслүүд дээр ажиллаж байгаа юм.
Тайлангаа танилцуулах үеэр “Apple” судалгаа болон хөгжүүлэлтийн албаныхаа зардлын өсөлтийн дийлэнх хэсгийг боловсон хүчний зардал болон инженерчлэлийн программ хангамжийн зардал эзэлж байгаа гэсэн байна. Тус компанийн үйл ажиллагааны нийт зардал тайлант хугацаанд 17 хувиар өсжээ. "Apple”-ийн хувьцааны ханш он гарсаар 22 хувиар буураад байна.