
Холбоотон орнуудын эсрэг БНАСАУ цөмийн зэвсэг хэрэглэвэл Ким Жон Уны дэглэмийн төгсгөл ирэхийг АНУ болон БНСУ анхааруулжээ. Сүүлийн өдрүүдэд хөрш орнуудынхаа чиглэлд удаа дараа пуужин харваад буй Пёньянд хандсан энэхүү анхааруулга нь талууд хоорондын цэрэг зэвсгийн зөрчил улам хурцдахаас сэргийлсэн ээлжит алхам болж байна.
Пүрэв гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд И Жун Соб нар Пентагонд хамтарсан мэдэгдэл хийхдээ хоёр улс одоо явагдаж буй “Vigilant Storm” цэргийн хамтарсан сургуулилалтын үргэлжлэх хугацааг сунгахаар шийдвэрлэснээ мэдээлжээ. БНАСАУ-ын зүгээс энэхүү сургуулилалтын хариу болгон пуужингийн туршилт хийснээ мэдэгдээд байгаа юм.
“АНУ болон түүний холбоотнууд, түншүүдийн эсрэг стратегийн бус цөмийн зэвсгийг оролцуулаад бүх төрлийн цөмийн зэвсэг хэрэглэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь Ким Жон Уны дэглэмийг төгсгөлд хүргэх болно" хэмээн хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар онцолжээ.
Хэдийгээр АНУ болон БНСУ-ын талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай дахин уриалсан ч пүрэв гарагт хийсэн мэдэгдэл нь цэрэг зэвсгийн бэлэн байдал, хамгаалалтаа сайжруулахад илүү чиглэж байсныг шинжээчид онцолж байна.
Тухайн өдөр БНАСАУ “Hwasong-17” тив алгасах баллистик пуужин харваад бүтэлгүйтсэн байж болзошгүйг “Yonhap” агентлаг мэдээлжээ. Пуужин зүүн зүгт, Японы арлуудыг чиглэн 1900 гаруй километрийн өндөрт хөөрч, 760 километр зай туулаад Номхон далайн усанд унасан байна.