
“Их 7”-ийн бүлгийн удирдагчид Украин улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн байдлыг хадгалахын төлөө тууштай зогсож, Киевийн Засгийн газарт туслалцаа үзүүлсэн хэвээр байхаа амлалаа.
Мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн видео уулзалтынхаа үеэр “Бид Украинд үзүүлэх санхүүгийн, хүмүүнлэгийн, цэрэг зэвсгийн, дипломат, хуулийн туслалцаагаа үргэлжлүүлж, дайны туршид Украины талд бат зогсох болно” хэмээн АНУ, ХБНГУ, Япон, Франц, Итали, Канад, Их Британийн удирдагчид нэгдсэн мэдэгдэл хийжээ.
Мөн тэд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээ амласны зэрэгцээ гэмгүй энгийн иргэд рүү чиглэсэн халдлага нь дайны гэмт хэрэгт тооцогдох тул Ерөнхийлөгч Владимир Путинд хариуцлага хүлээлгэх болохоо мэдэгдсэн байна.
Үүний өмнөх өдөр нь ОХУ-аас Украины Киев тэргүүтэй олон хотын гол дэд бүтэц, иргэний зориулалттай байгууламжуудыг онилсон пуужингийн цохилт өгөөд байсан юм.
Харин Владимир Зеленский ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг техникийн тусламж үзүүлэх, мөн Беларусын хил дээр олон улсын хяналт гаргах түүний санаачилгыг дэмжихийг бүлгийн удирдагчдаас хүссэн байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гаргасан газрын тосны гарцаа өдөрт хоёр сая баррелиар бууруулах шийдвэрийн талаар “Их 7”-ийн удирдагчид санал солилцжээ. Тэд уулзалтын үр дүнг нэгтгэсэн мэдэгдэлдээ OPEC-ийн алхмыг шүүмжилсэн мэдэгдэл оруулах эсэхийг хэлэлцсэн боловч энэ санал дэмжигдээгүйг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.