logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Их Британид моргейжийн зээлийн хүү дээд түвшинд хүрч, Евро бүсэд орон сууцны үнийн өсөлт саарлаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 12 15:30
    79
    Инфляц эрчимжсэнтэй холбогдуулан Их Британийн банкнууд моргейжийн зээлийн бүтээгдэхүүнийхээ 40 гаруй хувийг зах зээлээс татаад байна

    Их Британид таван жилийн тогтсон хүүтэй моргейжийн зээлийн дундаж хүү 6.19 хувьд хүрсэн нь 2009 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ердөө долоо хоногийн өмнө моргейжийн зээлийн хүү 5.48 хувь байснаас үзвэл тус улсын Сангийн сайд Кваси Квартенг эрх баригч Консерватив намынхаа улс төрчдийн итгэлийг авч үлдэхэд улам хэцүү болж байгаа аж. 

    Мөн хоёр жилийн тогтсон хүүтэй моргейжийн зээлийн хүү дунджаар 6.31 хувь болсон нь 2008 оны 11 дүгээр сараас хойших дээд үзүүлэлт болохыг “Moneyfacts Group” тооцоолжээ.

    Инфляц эрчимжсэнтэй холбогдуулан Их Британийн банкнууд моргейжийн зээлийн бүтээгдэхүүнийхээ 40 гаруй хувийг зах зээлээс татаад байгаа юм. Есдүгээр сарын 23-нд Кваси Квартенгийн танилцуулсан татварын хөнгөлөлтийн төсөв тус улсын зах зээлд бужигнаан үүсгэж, улмаар Консерватив намын сүүлийн хурал тун ширүүн уур амьсгалтай болж өнгөрчээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Их Британийн банкнуудын удирдагчидтай уулзаж, өөрийн “мини төсөв”-өөс үүдсэн асуудлуудын тухай ярилцсан бол өнөөдөр Парламент дахь эрх баригч намын бүлгийнхэнтэй уулзах аж.

    Хэдий тийм боловч моргейжийн зээлийн хүүгийн өсөлт нь Консерватив намын сонгогчдын тоонд өмнөх тохиолдлуудтай ижил хэмжээнд нөлөөлөх магадлал бага болохыг “Resolution Foundation” онцолжээ. Учир нь залуус орон сууц эзэмших нь эрс багассантай холбоотойгоор өдгөө Их Британийн өрхүүдийн ердөө 28 хувь нь моргейжийн зээлтэй аж.

    Үүнтэй зэрэгцэн Евро бүсэд орон сууцны үнийн өсөлт сүүлийн хоёр жилд буюу цар тахлаас хойш анх удаа удааширсан байна.

    II улиралд орон сууцны үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад 9.3 хувиар нэмэгдсэн талаар “Eurostat” мэдээллээ. Өмнөх саруудад энэ үзүүлэлт 9.8 хувь байжээ. Ялангуяа Кипр, Финланд, Дани зэрэг улсад орон сууцны үнэ хамгийн бага пунктээр өссөн байна.

    Зарим бизнес эрхлэгчид гэрээсээ ажиллахын тулд илүү том талбайтай үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг эрмэлздэг болсон нь үнийн өсөлтөд нөлөөлсөн байж магадгүйг Европын Төв банкны судлаачид онцолж байсан юм.

    Cэтгэгдэл бичих