
Цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд болох литийн үнийн өсөлт шинэ дээд түвшинд хүрээд байна. Баасан гарагт БНХАУ-ын зах зээлд литийн үнэ тонн нь 500 мянга 500 юань буюу 71 мянга 315 ам.доллар хүрснийг “Asian Metal” компаниас мэдээллээ.
Эрэлт ихсэж, дотоодын үйлдвэрлэлийн төвүүдэд саатал үүссэнээс шалтгаалан сүүлийн нэг жилийн хугацаанд литийн үнэ гурав дахин өссөнөөр цахилгаан автомашины цэнэг хураагуурын өртгийг эрс нэмэгдүүлээд байгаа юм.
Дэлхийн хэмжээнд улс орнууд шатах түлшнээс татгалзаж, “Ногоон эрчим хүч” рүү шилжиж буй энэ үед цахилгаан автомашины хэрэглээ өссөөр байна. БНХАУ-ын Зорчигч тээврийн холбоо энэ оны цахилгаан автомашины борлуулалтын төсөөллөө нэмэгдүүлж, зургаан сая нэгжид хүргэсэн нь 2021 оны нийт борлуулалтаас хоёр дахин өндөр дүн болсон. Үүнийг дагаад цэнэг хураагуурын хэрэглээ тус улсад мөн адил хоёр дахин өснө гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ.
Наймдугаар сард БНХАУ-ын литийн нийт үйлдвэрлэлийн 20 хувь нь явагддаг Сычуань мужид хоёр долоо хоногийн турш эрчим хүч тасалдсан нь тус зах зээл дэх нийлүүлэлтийн дарамтыг улам нэмсэн үйл явдал болж байгаа юм. Энэ өвөл халаалтын хэрэгцээ нэмэгдэх үед БНХАУ-д эрчим хүчний хямрал дахин нүүрлэж, улмаар литийн үйлдвэрлэлд нөлөөлөх эрсдэлтэй бөгөөд литийн үнэ энэ он дуустал өсөх төлөвтэйг шинжээчид онцолж байна.
Пүрэв гарагт БНХАУ-ын Засгийн газар нөхцөл байдлыг дүгнэх хурал хийж, үнийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэхийг тэргүүлэх компаниудаас хүссэн тухай БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдээлсэн байна. Үйлдвэрлэгчид хоорондоо тохиролцон үнэ тогтоож, зардлаас хэт зөрүүтэй үнийн санал гаргах ёсгүйг мөн нэмж дурджээ.