
ОХУ-ын зэвсэгт хүчний пуужин Польш улсын хил орчмын тосгонд туссаны улмаас хоёр хүн амь үрэгджээ. Ингэснээр Зүүн Европ дахь хурцадмал байдал улам нэмэгдэж, ОХУ-ын эхлүүлсэн дайн Украинаас халих тухай NATO-ийн анхааруулга биелэх эрсдэл үүсэж байна.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн үдээс хойш Польш, Украины хилийн зурвасаас зургаан километрийн зайд орших Пшеводов тосгонд дэлбэрэлт болсон бөгөөд энэ нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн пуужингаас үүдэлтэйг тогтоосноо Польш улсын Гадаад хэргийн сайд мэдээлсэн байна. Үүний үр дүнд NATO-ийн гишүүн тус улс эвслийнхээ бусад гишүүн орнуудтай зөвлөлдөж хариу арга хэмжээ авах эсэхээ шийдэх, өөрөөр хэлбэл NATO-ийн дүрмийн IV зүйлийг хэрэгжүүлэх өндөр магадлалтай нөхцөл байдал үүсээд байгааг Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда мэдэгджээ.
Дээрх мэдээлэл гарсны дараа NATO-ийн гишүүн орнуудын Элчин сайд нарын дунд яаралтай хурал зарлажээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Польшийн Украины хилтэй ойролцоох бүсийг чиглүүлж пуужин харваагүй болохоо мэдэгдсэн байна. Мөн Анджей Дудагийн өгүүлснээр пуужинг хэн харвасан нь одоогоор тодорхой бус байгаа аж.
Тухайн өдөр ОХУ-ын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний сүлжээ болон бусад чухал дэд бүтцийг онилсон пуужингийн цохилт дахин өгсөн байна. Цохилтын улмаас Украин болон хөрш Молдов улсад өргөн хүрээнд эрчим хүчний тасалдал үүссэнийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлжээ.
ОХУ Польш улсыг зориуд онилж цохилт өгсөн байх магадлал маш бага болохыг “Их 7”-ийн бүлгийн гишүүн орны албаны эх сурвалжаас “Bloomberg”-т мэдээлсэн байна. Пуужин Украины нутаг дэвсгэр дэх байг алдаж туссан, эсвэл Украины сөрөг довтолгоо пуужингийн чиглэлийг алдуулсан байх боломжтойг тэрбээр онцолж байна.