
Ирэх онд дэлхий даяар нисэх онгоцны тийзийн үнэ нэмэгдэх бөгөөд ялангуяа Европ-Ази чиглэлийн нислэгийн үнэ 12 хувиар, Хойд Америк-Ази чиглэл 10 хувиар өсөхөөр байгааг “American Express GBT” компани мэдээлжээ.
Цар тахалтай холбоотой хилийн хязгаарлалтаа хожуу цуцалсан Ази тивийн орнуудад эрэлт өссөнөөр тийзийн үнийн өөрчлөлт хамгийн их байхыг тус компани “Air Monitor 2023” судалгаандаа дурджээ. Мөн бүс нутгийн эдийн засгийн төлөв сайн байгаа нь үнийг өсгөхөд нөлөөлж болзошгүй гэсэн байна.
Харин дэлхийн хэмжээнд инфляц, түлшний үнийн өсөлт, хүчин чадлын дутагдал зэрэг хүчин зүйлс нь тийзийн үнэ өсөхөд голлон нөлөөлөхөөр байна. Мөн Украин дахь дайнтай холбоотойгоор ОХУ-ын агаарын орон зайд нэвтрэлгүйгээр нислэг үйлдэж байгаа нь агаарын тээврийн олон компаниудад хүндрэл учруулж байна. Маршрут өөрчлөгдсөнөөр нислэг багадаа гурван цагаар уртсаж, түлшний зарцуулалт болон зардлыг өсгөх аж.
Ази-Европ чиглэлийн тийзийн 12 хувийн өсөлт нь зөвхөн энгийн суудалд хамаарах бол бизнес зэрэглэлийн тийзийн үнэ 7.6 хувиар өсөх төсөөлөлтэй байгаа аж. Харин Хойд Америк-Ази чиглэлийн бизнес зэрэглэлийн тийзийн үнэ 5.6 хувиар өсөхөөр байна.
Эрэлт цар тахлын өмнөх түвшинтэй зэрэгцэх дөхөөд байгаагаас агаарын тээврийн компаниуд ажиллах хүчний хомсдол, түлшний үнийн өсөлт зэрэг асуудлыг шийдэхийн тулд хүчин чадлаа хязгаарлах хэрэгтэй болжээ.
Европ тивд байдал мөн адилхан байгаа бөгөөд ирэх онд бүс нутаг доторх нислэгийн тийзийн үнэ бизнес зэрэглэлд зургаан хувиар, энгийн суудалд 5.5 хувиар өсөхөөр байна.