
Зургийг: www.adb.org
Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогдлоо. Тэрбээр 2021 оны есдүгээр сараас эхлэн Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт эрчим хүчний салбар хариуцан ажиллаж байжээ.
Шэннон Коулин сүүлийн 10 гаруй жил тус банканд алба хашсан бөгөөд эрчим хүч болон олон салбарыг хамарсан уур амьсгалын чиглэлийн төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийг удирдаж байсан туршлагатай аж. Тэрбээр өмнө нь АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторид АНУ-БНЭУ болон Өмнөд Азийн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг АНУ-ын Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын нэрийн өмнөөс удирддаг менежерийн алба хашиж байсан байна.
Шэннон Коулин Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр болон 2021-2024 онд Азийн Хөгжлийн банкны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах юм байна. Энэхүү түншлэлийн стратегийн хүрээнд Азийн Хөгжлийн банк Монгол Улсыг Covid-19 цар тахлын хямралыг даван туулах, цаашлаад хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн бат бөх суурийг тавихад нь дэмжлэг үзүүлэх ажээ.
1991 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Азийн Хөгжлийн банк Монгол Улсад 3.7 тэрбум ам.долларын Засгийн газрын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төслийн дэмжлэг үзүүлсэн байна.