
Зургийг: mongolia-carpet.mn
2023 оны эхний хагас жилд “Улаанбаатар хивс” ХК 2.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс хоёр хувиар буурсан үзүүлэлт боллоо. Тайлант хугацаанд тус компанийн татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 27 хувиар буурч, 386.4 сая төгрөг болсон байна.
Үйл ажиллагаанд нь гадаад, дотоодын байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалсан түүхий эд, тээвэр логистикийн хүндрэл, үнийн өсөлт ихээхэн нөлөөлж байгааг мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор түүхий эдийн нөөц бүрдүүлэлтэд анхаарах, бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, технологи, борлуулалтын сүлжээ зэрэгт анхаарч өрсөлдөх чадвараа өсгөх, келим, сүлжмэл зэрэг өөр төстэй үйлдвэрлэл эрхлэх, нөөц бололцоогоо ашиглан ноос угаах үйлдвэрээ ашиглалтад оруулах зэрэг арга хэмжээ авч байгаагаа онцолж байна.
“Улаанбаатар хивс” ХК нь монгол хонины ноосыг ээрэх, будах, нэхэх, гүйцэтгэн боловсруулах зэрэг хивс үйлдвэрлэлийн иж бүрэн дамжлагуудаар боловсруулан, эцсийн бэлэн бүтээгдэхүүн болох 100 хувь ноосон, нарийн нэхээстэй “Улаанбаатар”, “Алтанбулаг”, “Саян”, “Алтан-Өргөө” зэрэг нэр төрлийн хивснүүдийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Мөн 100 хувь хонины ноосоор хийсэн эсгий гудас борлуулахаас гадна шатны болон битүү дрожийг зориулалтын наалт ашиглан хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр хийж гүйцэтгэж байгаа аж.