
АНУ-ын "premium" буюу өндөр октантай шатахуун болон энгийн шатахууны үнийн зөрүү бүх цаг үеийн дээд түвшинд хүрэхэд ойртжээ. Ингэснээр илүү чанартай, өндөр үнэтэй шатахуун хэрэглэдэг тансаг зэрэглэлийн автомашины эзэд түлшинд илүү их зардал гаргах болсон байна.
Өнгөрсөн ням гарагт нэг литр өндөр октантай шатахууныг 1.1 ам.доллароор худалдаж байсан нь энгийн шатахуунаас литр тутамд 20 центээр илүү үнэтэй байсан аж. Ингэснээр хоёр төрлийн шатахууны үнийн зөрүү өмнө байгаагүй өндөр түвшинд хүрэхэд ойрхон байгаа гэж АНУ-ын Автомашины холбооноос мэдэгдсэн байна. Хэдийгээр АНУ-д шатахууны үнэ ерөнхийдөө буурч байгаа ч өндөр октантай шатахууныг үйлдвэрлэхэд нэмэлт зардал гарч байгаагаас үнэ нь буурахгүй байгаа юм.
АНУ-ын шатахуун үйлдвэрлэгчид шууд нэрсэн бензинийг их хэмжээний шингэрүүлсэн байгалийн хий болон бага октантай орцуудтай хольж байгаа хэмээн тус улсын Эрчим хүчний мэдээллийн удирдах газраас мэдэгджээ. Энэ арга нь АНУ-ын шатахууны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дэлхий дахины нүүрлээд буй хомсдолыг үл харгалзан дизель түлшний үйлдвэрлэл дээд цэгтээ хүрэхэд нөлөөлж байгаа аж. Хэдий тийм боловч нөгөө талаас энэ нь өндөр октантай шатахууныг илүү үнэтэй болгосон байна.
Үйлдвэрлэгчид шатахууны чанарыг сайжруулахын тулд алкилийн тэргүүтэй октан өсгөгч ашиглах хэрэгтэй болсон аж. Хэдий тийм боловч алкилийн үнэ 11 дүгээр сард өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өсөөд байгаа гэж “Argus Media” мэдээлсэн байна.
Харамсалтай нь тансаг зэрэглэлийн автомашин эзэмшигчид ойрын хэдэн сарын хугацаанд өндөр октантай шатахууны үнийн өсөлтийг даван туулахаар боллоо. Учир нь өвлийн цагт үйлдвэрлэсэн шатахуун бутаны хий ихтэй байдаг учраас илүү их алкил хэрэглэж октаныг өсгөх хэрэгтэй болдог байна.