
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Орон нутаг руу чиглэх иргэдийн идэвхийг бий болгож, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулж, хот хөдөөгийн зохист тэнцвэрийг хангахад чиглэсэн санал боловсруулж ирүүлэх”-ийг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Төсвийн орлогоо бие даан бүрдүүлж буй Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгаас бусад нь улсын төсвөөс татаас авч байгаа бөгөөд цаашид аймгууд өөрсдөө төсвөө бүрдүүлж, орон нутгийн эрх мэдлээ нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байгаа аж.
"Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгаснаар аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, аймаг бүр төсвөө бие даан бүрдүүлэх боломж бий болгох, шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах зорилт тавиад буй.
Энэ хүрээнд Засгийн газраас иргэдийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа аж. Тухайлбал: Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, тухайн газраа шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж байгааг Ерөнхий сайд онцоллоо.
2021 оны байдлаар нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь оршин сууж байгаа гэсэн статистик мэдээлэл байна. Нийслэлийн хүн амын нягтрал нь улсын дунджаас 161 дахин их гэсэн тооцоолол гарсныг “MMCG” байгууллага мэдээлж байсан юм.