
Ням гарагт Тайванийн арлын зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нэг хүн нас барж, 146 хүн гэмтэж бэртсэнийг Тайванийн Онцгой байдлын ажиллагааны төвөөс мэдээллээ.
АНУ-ын Геологийн судалгааны төвийн хэмжсэнээр газар хөдлөлтийн голомт нь Тайтун мужийн нутагт, гадаргаас 10 километрийн гүнд байсан бөгөөд чичирхийллийн хүч нь хамгийн ихдээ 7.2 магнитуд хүрсэн аж.
Голомтоос хойд зүгт, Чишан болон Юли хотын ойр орчимд ихэнх хохирол учирсныг Тайванийн Цаг уурын төв албанаас мэдээлсэн байна. Юли хотод цементийн үйлдвэрийн нэгэн ажилчин амиа алдсанаас гадна гурван давхар дэлгүүрийн барилга нурж, дотор нь дөрвөн хүн гацжээ. Аврах ажиллагааны үр дүнд тэднийг эсэн мэнд гаргаж авч чадсан байна.
Ойролцоох Чике, Лиушиши уулын бүсэд хөрсний нуралт үүссэний улмаас тухайн үед ууланд алхаж байсан 600 гаруй хүн гацаад байсныг мөн аюулгүй нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн зүүн Тайванийн Дунли галт тэрэгний өртөөнд тавцангийн саравчны хэсэг нурснаас болж зургаан вагон замаасаа гарсан байна. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүйг Тайванийн Төмөр замын удирдах газраас мэдээллээ.
Юли хотод 7000 өрх цахилгаангүй болсноос гадна хотын усны шугам сүлжээнд гэмтэл гарсан аж. Газар хөдлөлтийн чичирхийлэл арлын хамгийн хойд хэсэг буюу Тайбэй хотод ч хүчтэй мэдрэгджээ.
Үүнээс гадна ням гарагт Японы өмнөд хэсгийг хар салхи дайрч, хүчтэй аадар бороо орсны улмаас одоогийн байдлаар хоёр хүн амь үрэгдэж, 70 хүн бэртэж гэмтээд байгааг "NHK" телевиз мэдээллээ.
"Nanmadol" хар салхи Кюшю арлын Кагошима хотыг дайран өнгөрч, одоогоор хойд зүг рүү буюу Токио хотыг чиглэж байна гэж Японы цаг уурын агентлаг мэдээлэв. Мөн салхины дээд хурд цагт 132 км хүрсэн бөгөөд даваа гарагийн орой 50 см хүртэл хэмжээний хур тунадас буух тул үер, хөрсний нуралтын аюулаас сэрэмжлэхийг анхааруулсан байна.
Хар салхины улмаас Кюшю мужид 216 мянган өрх цахилгаангүй болсноос гадна дотоодын нислэгүүдийг цуцалж, нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байгаа юм. Одоогоор тус мужид 12 мянга гаруй хүнийг түр орогнох байр луу шилжүүлсэн бол хөрш Мияазаки мужид 8000 гаруй хүнийг мөн нүүлгэн шилжүүлжээ.