
БНХАУ-ын Коммунист намын XX их хурал ням гарагт өндөрлөж, Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхийнхээ хугацаанд БНХАУ-ыг удирдахаар боллоо. Ийнхүү улсынхаа түүхэнд Мао Зедунаас хойших хамгийн хүчирхэг удирдагч болсон тэрбээр өөрийн үнэнч нөхдөөс бүрдсэн Намын улс төрийн товчооны Байнгын хорооны шинэ гишүүдээ танилцуулсан нь онцлох үйл явдал байв.
Ирэх таван жилд Ши Жиньпиний хамт БНХАУ-ыг удирдах бүрэлдэхүүнд Шанхай хотын Коммунист намын хорооны дарга, 63 настай Ли Чиан багтсанаар гуравдугаар сард албан тушаалаа өгөх Ерөнхий сайд Ли Көцианийг залгамжлах нь тодорхой болсон байна. Түүнчлэн Ши Жиньпиний Тамгын газрын дарга Динь Шуэшянь, Бээжингийн Намын хорооны дарга Цай Чи, Гуандуны Намын хорооны дарга Ли Ши нарын улс төрчид шинэ бүрэлдэхүүнд багтжээ.
Харин Ши Жиньпиний бодлогын хэрэгжилтэд голлох үүрэгтэй оролцсон Сахилга, хяналтын төв хорооны дарга Жао Лэжи, намын Хэрэг эрхлэх газрын дарга Ван Хунин нар Байнгын хорооны гишүүн хэвээр үлдсэн байна.
Өдгөө 69 настай Ши Жиньпин дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсоны зэрэгцээ 67 настай Ли Көциан, Ван Ян нар Байнгын хорооноос хасагдсан явдал нь БНХАУ-ын Коммунист намын гишүүн 68 насандаа тэтгэвэртээ гарах дүрэм цаашид мөрдөгдөхөөргүй болсныг харуулж байгаа юм.
“Нэг хүний засаглал бүрэн биеллээ оллоо. Ерөнхий сайд хэн болох нь ч одоо чухал биш болж байна. Эдийн засгийн бодлого тодорхойлолт технократ хэв шинжтэй байхаа больж, улс төрчийн бодлого руу шилжих болно. Тиймээс БНХАУ-д яах аргагүй шинэ эрин ирж байна” хэмээн Австралийн Гриффит Их сургуулийн илтгэгч Хуй Фен онцоллоо.
Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхээ хүлээж авахдаа БНХАУ-ын эдийн засгийг “уян хатан” гэж тодорхойлсны зэрэгцээ бусад орнуудтай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэхээ амласан байна. “БНХАУ дэлхийгээс тусдаа хөгжиж чадахгүй. Мөн дэлхийн хөгжилд БНХАУ хэрэгтэй” хэмээн тэрбээр XX их хурлыг хааж хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн тэрбээр АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг багасгах зорилготой “хос эргэлт”-ийн бодлогыг тодотгож, дэлхийн бусад орнуудтай стратегийн худалдаа болон хөрөнгө оруулалтын холбоогоо хадгалж ажиллахыг дурджээ.
XX их хурлын нээлтийн үеэр Ши Жиньпин Коммунист намын тэргүүн зорилт нь эдийн засгийн хөгжил болохыг бататгасан ч үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн тэнцвэрийг хангах хэрэгтэйг өгүүлж байв.
“Bloomberg Economics”-ийн тооцоолсноор БНХАУ одоогийн реформуудаа үргэлжлүүлж чадвал дараагийн 10 жилийн хугацаанд эдийн засаг нь жилд 4.6 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.