
УИХ-ын зургаан гишүүнийг Эрүүгийн хуулийн дагуу хэд хэдэн үндэслэлээр яллагдагчаар татах болсныг Авлигатай тэмцэх газар мэдээллээ.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан гэж Авлигатай тэмцэх газар онцоллоо.
Мөн "УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд Эрүүгийн цагдаагийн албаны шалгаж байгаа хэрэгт одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан. Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа хэдий ч ажлын хэсэг явж байгаа учраас Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид уг хэргийг хамтран шалгаад явж байна” гэж Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн онцлов.
Нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгууллагад хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 78 иргэн, албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Тэдний 42 нь нийтийн албан тушаалтан байгаа аж.
Нийт нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий 14 албан тушаалтан, 22 иргэнийг Эрүүгийн хуульд заасанчлан яллагдагчаар татсан байна. Тухайлбал: Зам, тээврийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан хоёр, Аймаг, сумын Засаг дарга хоёр, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 12, Хил хамгаалах байгууллагын дөрвөн албан тушаалтан, Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн албан тушаалтан, Боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, “Эрдэнэс Тавантолгой” компанийн зургаа, “Тавантолгой төмөр зам” компанийн гурван албан тушаалтныг яллагдагчаар татжээ.
Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас найм нь цагдан хоригдож байгаа аж. Түүнчлэн улсын хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал тогтоогджээ.
Мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч байгааг Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээллээ.